Аймаг, сумын удирдах ажилтнууд цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-27 11:25:33

Ховд /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын удирдах ажилтан, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан “Цахим хурал” энэ сарын 26-ны өдөр Ховд аймагт боллоо.  

Тус хуралд Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Т.Дэлгэрсайхан тэргүүтэй чиг үүрэг бүхий салбар байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцжээ.

Хурлын хүрээнд хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, засвар үйлчилгээ хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх  талаар мэдээлэл солилцсон байна.

Мөн eсдүгээр сарын 15-ны өдрөөс халаалт дулаан өгөхтэй холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд бэлтгэлээ хэрхэн хангаж ажиллах талаар чиглэл өгчээ.   

Коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдрийн байдлаар эрсдлийн үнэлгээгээр Эрдэнэбүрэн сум "улбар шар" түвшинд бусад сум "улаан" түвшинд шилжсэн байна.

Өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, мэдээллийг сонсож, орон нутагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар зохих шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ салбарын яамнаас гаргасан "түр журам" орон нутгийн нөхцөл байдлыг уялдуулан шийдвэр гаргана гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

関連ニュース