БОЭТ-ийн зарим тасгийг нэгтгэж, ор дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн зарим тасгийг нэгтгэж, дотрын тасагт 60 ор дэлгэсэн байна.
Тодруулбал, Ховд аймагт
коронавирусний халдварын батлагдсан тохиолдол өдөр бүр нэмэгдэж, одоо 8000 гаруй
болсон. Коронавирусний халдвар авсан иргэд өмнө нь БОЭТ-ийн Халдвартын
тасгийн Тусгаарлах эмнэлэг, “Ач заяа” эмнэлэг болон сумдын Эрүүл
мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан юм.
Тэгвэл БОЭТ-ийн дотор, зүрх судас, мэдрэлийн тасгийг
нэгтгэн, улмаар дотрын тасагт коронавирусний халдвартай иргэдийг эмчлэх зорилгоор
60 ор дэлгэж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмнэл зүйн баг томилж өнөөдрөөс эхлэн
өвчтөнүүдийг хүлээн авлаа.
Дээрх тасгуудад хэвтэн
эмчлүүлж байсан хүнд өвчтөнүүдийг БОЭТ-д хүндэвтэр болон хөнгөн өвчтөнг “Мөнгөн
морьт”, “Мөнх цохилохуй”, “Очир сүлд” зэрэг хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх аж.
Цаашлаад даатгалаас олгох санхүүжилтийг журмын дагуу олгох тул иргэдэд эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэх үүрэг чиглэлийг холбогдох
мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
Коронавирусний халдвар
илрүүлэх шинжилгээг одоо Спортын
ордонд авч байна. Энэхүү “шинжилгээний цэг”-т тогтсон цагт зааврын дагуу
халдваргүйтгэл хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй.
Үүнд шинжилгээ өгөх
иргэдээс асуумж авах хоёр эмч, “эерэг” заалт гарсан иргэдэд газар дээр нь
зөвлөгөө өгөх эмчийг тус тус томилж ажиллуулах шийдвэрийг өчигдөр Ховд аймгийн
Онцгой комиссоос гаргажээ.
Мөн цаашид халдвар
авсан иргэний биеийн байдал нь хөнгөн бол Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад
авч, эмчилгээний багц олгох, хүндэвтэр, хүнд оноштой бол Тусгаарлах эмнэлэгт
хэвтүүлэн эмчилж байхаар болжээ.