Даккагийн халдлагад өртсөн Италийн иргэдийн цогцсуудыг Ромд авчрав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-07 09:07:44

РОМ. /Anadolu/. Бангладешт саяхан болсон террористуудын халдлагад өртөн амиа алдсан Италийн есөн иргэний цогцсыг төрөлх нутагт нь авчирчээ.

Цогцсуудыг тээвэрлэсэн Италийн засгийн газрын нисэх онгоц мягмар гарагийн орой Ромын хотын захын дүүрэгт ирсэн байна.

Италийн төрийн далбаагаар бүтээсэн есөн авсыг онгоцноос буулгах үед Ерөнхийлөгч Сержо Маттарелла болон хохирогчдын ар гэрийнхэн байжээ.

Нисэх онгоцны буудал дээр Ерөнхийлөгч Маттарелла чимээгүй зогсон хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ.

Хохирогчдын ихэнх нь Бангладешт хувцасны худалдаа эрхэлдэг байжээ. Тэдний нэг нь жирэмсэн байсан бөгөөд эх орон руу явах гэж байв.

Уг халдлагаас амьд үлдсэн нэг залуу мөн энэ нисэх онгоцоор Италид иржээ. Тэрбээр халдлага болох үеэр рестораны гадаа байсан байна. Харин эхнэр нь ресторан дотор амиа алджээ.

Г.Доржханд

 

 

 

関連ニュース