Хэнтий аймгийн анхны кино кафег залуу хосууд нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-03 18:06:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Жүжигчин мэргэжил эзэмшсэн залуу хосууд болох М.Тунгалагмөрөн, Б.Номин нар хотоос хөдөөг зорьж, эзэмшсэн мэргэжлийн үр шим, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Хэнтий нутагтаа анхны мини кино кафег нээж амжилттай ажиллаж байна.

Тэдний бизнесийг гэр бүлийнхэн нь дэмжин анхны хөрөнгө оруулалт хийснээр ажлаа эхлүүлж байжээ. Өдгөө Хэнтий нутгийнхан тэр дундаа өсвөр үеийнхний байнгын үйлчлүүлдэг газрын нэг болгож чадсан байна. Тус кафед Дэлхийн шилдэг болон сэтгэлд хоногшин үлдсэн 100 орчим киноноос сонгон, кино ертөнцөөр аялах боломжтой юм.

Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хосууд хамрагдсан аж. Ингэснээр олон залуустай эн тэнцүүхэн өрсөлдөж төсөл нь шалгарснаар тэд 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр олгогдож буй санхүүгийн дэмжлэгийг авч чаджээ. Энэ хөрөнгө оруулалт  залуусын хувьд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулахад ихээхэн цаг үеэ олсон дэмжлэг болсон байна.

М.Тунгалагмөрөн, Б.Номин нар шиг хотоос хөдөөг зорин хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй зүтгэж байгаа залуус олон бий. Хэнтий нутагтаа соёлын үрийг тарьж, гоо зүйн мэдрэмж, өсвөр хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрыг бүтээлчээр бий болгож буй залуу хосуудаас суралцах зүйл их байна. 

関連ニュース