Францад ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-15 10:45:59

НИЦЦА. /АР/. Францын үндэсний тэмдэглэлт баяр болох “Бастилийн өдөр”-т зориулсан салют буудуулах ёслолыг үзэж сонирхохоор олон хүн цугласан байсан газар руу ачааны машин дайран орсны улмаас наад зах нь 77 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Энэ халдлага өчигдөр орой тус улсын өмнөд нутгийн Ницца хотод болжээ.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, цагдаа нар болон ачааны машин дээр байсан хүмүүсийн хооронд буудалцаан болсон байна. Ачааны машины жолооч буудалцааны үеэр амиа алдсан аж.

Албаны хүмүүс энэ хэргийг “халдлага” гэж тодорхойлоод, гэрээсээ гарахгүй байхыг хүмүүст зөвлөж байна.

Бастилийн шорон-цайзыг эзэлсэн өдөр буюу “Бастилийн өдөр”-ийг тохиолдуулан Франц даяар салют буудахаас гадна олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, олон хүн цугладаг учир тус улсад өчигдөр аюулгүй байдлыг чангатгаад байжээ. Парис хотын Элисейн талбайд цэргийн парад зохион байгуулсан ажээ.

Г.Доржханд

関連ニュース