Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-03 19:32:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ажиллах талаар уулзалт хийлээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн албаны дарга Д.Батмагнай албаны бусад төлөөллийн хамтаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын удирдлага, холбогдох албаны хүмүүстэй албан уулзалт хийж, байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Уулзалтын эхэнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Чимэддорж тус аймагт хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан түүнтэй уялдуулж БОАЖГ-аас дор дурдсан асуудлаар хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүнд: 

1. Цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Хөхморьт суманд хэрэгжиж байгаа ажлуудыг Монгол элсний ТХГ, сум орон нутагтай хамтран үргэлжлүүлэн санхүүжүүлж ажиллах

2. Орон нутагт хашиж хамгаалсан булгуудад мониторинг судалгааг хийх, цаашдын арчилгаа хамгаалалтыг эзэнжүүлэх, паспортжуулах, булгийн мэдээллийн сан бааз бий болгох 

3. Идэвхтэн байгаль хамгаалагчид, Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-дыг чадавхжуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулж ажиллах

4. Жаргалан сумын Эрээн нуурыг сэргээх ажлын хүрээнд нарийвчилсан судалгаа ТЭЗҮ боловсруулах, нөхөн сэргээх

5. Гадаргын усыг нэмэгдүүлэх, зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулж бэлчээрийн хомсдолыг багасгах зорилгоор булгийн эхийг хашиж хамгаалах, хөв цөөрөм байгуулах 

6. Байгалийн нөөцөөс орох орлогыг нэмэгдүүлэх ажил дээр хамтран ажиллах зэрэг ажлуудыг төслөөс санхүүжүүлж хамтран ажиллахаар тохиролцсон тухай холбогдох албанаас мэдээлэв.

Хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөгөө, тооцоо судалгааг боловсруулан хамтран ажиллах гэрээ байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг жилийн эцэст тайлагнаж үр дүнг хэлэлцэхээр шийдвэрлэв. Тус уулзалтад орон нутагт хэрэгжиж байгаа ИНИТ-ийн зохицуулагч Л.Түвд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, Г.Олонбаатар, Д.Мөнгөнчимэг нар оролцов.


関連ニュース