Шведэд инфляц 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-14 11:13:18

СТОКХОЛМ. /Xinhua/. Шведэд есдүгээр сард жилийн инфляц 9.7 хувьд хүрсэн нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин болсон талаар тус улсын Статистикийн газраас пүрэв гарагт мэдээллээ.


“Эрчим хүч, хүнс, спирт агуулаагүй ундааны үнэ өссөн нь есдүгээр сард инфляц өсөхөд нөлөөлсөн” гэж үнийн статистикч Кэролайн Неандер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Тодруулбал, сүүлийн 12 сарын хугацаанд цахилгаан эрчим хүчний үнэ 54.2 хувиар, хүнс, спирт агуулаагүй ундааны үнэ 16.1 хувиар тус тус өссөн байна.


Мөн орон сууцны засвар, үйлчилгээ, тавилга, гэр ахуйн тоног төхөөрөмжийн үнэ өртөг, зоогийн газраар үйлчлүүлэх, зочид буудал, орон сууцанд байрлах, оршин суух үйлчилгээнээс гадна төрөл бүрийн бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ.


Шинжээчдийн хэлж буйгаар, огцом өсөж буй инфляцтай хийх тэмцэл дуусах болоогүй байна. “SVT” телевизийн эдийн засгийн тоймч Александр Норены хэлснээр, инфляцын түвшин дээд цэгтээ хүрээгүй байна гэж цөөнгүй шинжээчид үзэж байна.


Шведийн Riksbank” Төв банк инфляцыг зорилтот түвшин болох 2 хувьд хүргэхийн тулд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөснөөр өнөөгийн 1.75 хувьд хүргэн нэмэгдүүлээд байгаа юм.


Nordnet” банкны хадгаламжийн эдийн засагч Фрида Брэтт “SVT” телевизэд пүрэв гарагт мэдээлснээр, инфляц 2023 оны эхээр дээд цэгтээ хүрч магадгүй байна. 

関連ニュース