Канад Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид нэгдэхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-28 10:37:25

ОТТАВА. /Kyodo/. Канад улс АНУ-ын тэргүүлсэн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид /IPEF/ нэгдэхийг зорьж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли пүрэв гарагт мэдэгджээ.


Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегийг энэ оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден санаачлан байгуулсан бөгөөд үүнд Австрали, Бруней, Фижи, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, БНСУ, Тайланд, Вьетнам гэсэн 13 орон нэгдээд байгаа юм.


М.Жоли АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Оттава хотноо хэлэлцээ хийснийхээ дараа мэдээлэл өгөх үеэрээ, Энэтхэг-Номхон далайн бүстэй “эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд” “IPEF”-д нэгдэх хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна. Э.Блинкений хувьд уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


“АНУ дангаар гаргах шийдвэр биш учир ирэх саруудад бид шинэ гишүүн элсүүлэхтэй холбоотой үйл явцын талаар “IPEF”-ийн бусад гишүүдтэй нягт хэлэлцэнэ” гэж Э.Блинкен нэмж хэлсэн байна. Ж.Байдены засаг захиргаа “IPEF”-ийг тарифыг бууруулах үүрэг хүлээсэн уламжлалт чөлөөт худалдааны гэрээ биш гэдгийг тодорхой мэдэгдсэн юм.


“IPEF” нь Энэтхэг-Номхон далайн эдийн засгуудыг цаашид нэгтгэх, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарт стандарт, дүрмийг тогтоох, аюулгүй, уян хатан нийлүүлэлтийн сүлжээг хангахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалт болох зорилготой ажээ. Есдүгээр сард 14 гишүүн орон энэ хүрээнд албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон билээ. 

関連ニュース