Дилма Руссефф Дээд шүүхэд давж заалдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАЗИЛИА. /Xinhua/. Бразилын Сенатын танхим албан тушаалаас нь бүрмөсөн огцруулсны дараах өдөр буюу пүрэв гарагт Ерөнхийлөгч Дилма Руссеф Дээд шүүхэд давж заалдлаа.
Төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласныг тогтоосон гэх үндэслэлээр Сенатын танхим санал хураалт явуулан Руссеффийг ерөнхийлөгчийн суудлаас нь бүрмөсөн огцруулсныг түүний өмгөөлөгчдийн баг эсэргүүцэж, “хамгаалах өргөх бичиг”-ийг Дээд шүүхэд өргөн барьжээ.
“Хамгаалах өргөх бичиг” гэдэг нь эрх нь зөрчигдөж байж магадгүй хувь хүмүүсийг хууль эрхзүйн шийдвэрээс хамгаалах зорилго бүхий хуулийн арга хэрэгсэл аж.
Төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан, улиран сонгогдох боломжоо ахиулахын тулд төсвийн алдагдлыг нуун дарагдуулсан зэрэгт буруутай гэж Сенатын танхим үзээд, санал хураалт явуулахад 61:20-ийн харьцаатайгаар Руссеффийг бүрмөсөн огцруулсан юм.
Зүүний төвч үзэлт “Хөдөлмөрчдийн нам”-ын гишүүн Руссефф өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд, үүнийг “барууны төвч үзэлт сөрөг хүчнийхний гаргасан улстөрийн сэдэлтэй шийдвэр” гэж үзэж байна.
Консерватив үзэлт Ардчилсан хөдөлгөөний намын гишүүн, дэд Ерөнхийлөгч Мишель Темер 2018 оныг хүртэл буюу Руссефийн ерөнхийлөгчийн алба хаших үүрэгт хугацаа дуусах хүртэл түүний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Г.Доржханд