“Истанбул” нисэх буудал хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлын нэг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-07 13:58:56

АНКАРА. /Anadolu/. Туркийн “Истанбул” нисэх буудал өнгөрсөн онд дэлхийн хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлын нэг болсныг Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн /ACI/ тайлан харууллаа.


Дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын жагсаалтыг АНУ-ын “Атланта” нисэх буудал тэргүүлсэн бол араас нь “Даллас Форт-Уэрт”, “Денвер” нисэх буудлууд удаалжээ.


“Истанбул” нисэх буудал 2022 онд 64.29 сая зорчигч хүлээн авснаар жагсаалтын долоодугаарт бичигдсэн бөгөөд зорчигчдынх нь тоо өмнөх оныхоос 73.8 хувиар өсжээ. Энэхүү буудал нь 2021 онд 14 дүгээрт, 2020 онд 28 дугаарт жагсаж байв.


Түүнчлэн “Истанбул” нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2019 оныхтой харьцуулахад 23.2 хувиар өссөнийг тайланд дурджээ. Дэлхийн хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлаас зөвхөн “Денвер” /0.2 хувь/, “Истанбул”-ын л зорчигчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс өссөн байна.


Жагсаалтад багтсан бусад нисэх буудлуудыг нэрлэвэл, АНУ-ын “Чикаго О'Хара” (4 дүгээрт), АНЭУ-ын “Дубай” (5 дугаарт), Америкийн “Лос-Анжелес” (6 дугаарт), Британийн “Хитроу” (8 дугаарт), Энэтхэгийн “Индра Ганди” (9 дүгээрт), Францын “Шарль-де-Голль” (10 дугаарт) оржээ.

関連ニュース