Еврейчүүд, жуулчдад Рамадан сарыг дуустал Ариун сүмийн ууланд очихыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-04-12 14:21:03

ТЕЛЬ-АВИВ. /jpost/. Еврейчүүд болон лалын шашны шүтлэггүй жуулчид энэ жил дөрөвдүгээр сарын 21-нд дуусах исламын шашны ариун Рамадан сарыг дуустал Иерусалим дахь Ариун сүмийн ууланд очих боломжгүй болжээ. 


Ийм шийдвэрийг мягмар гарагт Израилын гол сайд нар, хүчний байгууллагуудын дарга нарын оролцоотой аюулгүй байдлын асуудлаар хийсэн уулзалтын дараа гаргасан гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ажлын алба мэдэгдэв.


"Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга, Аюулгүй байдлын ерөнхий албаны дарга, Цагдаагийн газрын даргын санал нэгтэй зөвлөсний дагуу Рамадан сарыг дуустал еврейчүүд болон жуулчдыг Ариун сүмийн ууланд очихыг хориглох шийдвэр гаргасан" гэж мэдээнд дурджээ.


Үүнээс гадна, Нетаньяху болон сайд нар “Баруун хана сүмд мөргөл үйлдэж буй хүмүүсийг, мөн энэ сүмийг чиглэсэн замуудыг хамгаалахын тулд бүх хүчнийг дайчлахыг даалгасныг” онцолсон байна. 


Рамадан сарыг дуустал Ариун сүмийн ууланд очих боломжийг хаах шийдвэрийг еврейн хуанлигаар долоон өдрийн турш тэмдэглэдэг еврейчүүдийн гол баяруудын нэг болох “Песах” баяр дуусаж байгааг тохиолдуулан гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш тэмдэглэж буй энэ баярын үеэр нийтдээ 2 600 гаруй еврей мөргөлчид Ариун сүмийн ууланд очжээ. Палестин-Израилын мөргөлдөөний эргэн тойронд хурцадмал байдал үүсээд буйтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Ариун сүмийн уулан дахь “Аль-Акса” сүмд палестинчууд болон Израилын цагдаа нарын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн болжээ. 


Рамадан нь исламын хуанлийн есдүгээр сар бөгөөд энэ үеэр мусульманчууд мацаг барьдаг. Энэ жил Рамадан сар гуравдугаар сарын 22-нд нар жаргахаас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 21-нд дуусаж, итгэгчид Ид аль-Фитр (Ураза-байрам) баяраа тэмдэглэнэ. 


Эртний Египетийн боолчлолоос еврейчүүд чөлөөлөгдсөнд зориулсан еврейчүүдийн гол баяруудын нэг болох "Песах" буюу еврейчүүдийн Улаан өндөгний баярыг  энэ жил дөрөвдүгээр сарын 5-аас 13-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Ариун сүмийн уул ба Иерусалимын статус

Ариун сүмийн уул нь Иерусалимын зүүн хэсэгт Хуучин хотын төвд оршдог. Араб хэлээрх нэр нь Аль-Харам аль-Шариф ("Эрхэм ариун газар"), харин еврейчүүд Хар ха-Байт (толгодын орой дээр орших еврейчүүдийн гол сүм буюу "Бурханы өргөө" гэсэн утгатай) гэж нэрлэдэг байна. Энэхүү сүм нь еврейчүүдийн хувьд ч мусульманчуудын хувьд ч ариун газар нь юм.


Одоо энэ газарт “Масжид Куббат ас-Сахра” болон “Аль-Акса” сүм байдаг бөгөөд Саудын Арабын Мекка, Мединагийн дараа лалын шашны гурав дахь чухал ариун газарт тооцогддог. Сүмийн цогцолборыг МЭ-ий 70 онд ромчуудын сүйтгэсэн еврейчүүдийн сүмийн суурин дээр барьжээ. Энэхүү эртний сүм хийдийн цогцолборын балгас болох Баруун хана нь еврейчүүдийн хувьд хамгийн том ариун газар нь юм.


Ариун сүмийн уулын статус нь Палестин-Израилын сөргөлдөөний хамгийн хурц асуудлуудын нэг төдийгүй Христ, Иудей, Ислам гэсэн гурван шашны хот болох Иерусалимын ч асуудал юм. Израилчууд 1967 оны дайны үеэр Иерусалимын зүүн хэсгийг эзэлжээ. Иерусалим бол Израилын "нэг хэсэг бөгөөд хуваагдашгүй" нийслэл гэж израилчууд үздэг бол палестинчууд хотын зүүн хэсгийг улсынхаа нийслэл болгохыг хүсдэг.


Одоогоор зөвхөн мусульманчууд цогцолборын нутаг дэвсгэр дээрх сүмүүдэд залбирч болох бөгөөд бусад шашны төлөөлөгчид, түүний дотор иудейчүүд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор нэвтрэх боломжтойгоос гадна, зөвхөн ням гаргаас пүрэв гараг хүртэл өдөрт хэдэн цаг өглөө, үдээс хойш нээлттэй байдаг ажээ.  Үүнээс гадна, лалын шашин шүтдэггүй хүмүүст зориулж, тусгай хаалга нээсэн байна.


関連ニュース