Цагаачдын урсгалд дарагдсан Италид онц байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-12 16:57:14

РОМ. /ANSA/Италийн Сайд нарын зөвлөл Газрын Дундад тэнгисээр дамжин тус улсад ирж буй цагаачдын урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор орон даяар зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа.


Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн ажлын албанаас мэдээлснээр, цагаачдын урсгалд хамгийн их дарагдаж буй өмнөд бүс нутгуудад таван сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ хөрөнгийг цагаачдыг хүлээн авах шинэ төвүүд байгуулах зэрэг  ажилд зарцуулах аж. Онцгой байдлын дэглэмийн үеэр ийм төвүүдийг байгуулах нь илүү хялбар байх бөгөөд гэхдээ үүнтэй зэрэгцэн хууль бус цагаачдыг албадан гаргах журмыг мөн хялбаршуулах юм.


Харин Италийн Иргэний хамгаалалт, тэнгисийн бодлогын сайд Нелло Мусумечи авсан арга хэмжээ хангалтгүй гэж мэдэгдэл хийжээ. Тэрбээр тус улсад нүүрлэсэн цагаачдын хямралыг шийдвэрлэхэд  Европын Холбоо "хариуцлагатайгаар оролцох хэрэгтэй" хэмээн уриалсан байна. 


Албан ёсны мэдээллээр, он гарснаас хойш Италид 31 мянга гаруй хууль бус цагаач иржээ. Өнгөрсөн оны мөн үед 7900 цагаач ирж байжээ. Тунис, Ливи улсаас Газрын Дундад тэнгисээр дамжин өмнөд Итали, Мальтаг зорьж буй дүрвэгсдийн зарим нь энэ замыг туулах боломжгүй завь ашигласны улмаас осолдон олон хүн амиа алдсан явдал удаа дараа гарсаар байна.


Засгийн газар энэ хямрал цаашид даамжрахаас зайлсхийхийн тулд хууль бус цагаачлалыг зогсоохоор шийдсэн гэж Ерөнхий сайд Жоржиа Мелони хоёрдугаар сард мэдэгдэж байв.

関連ニュース