ӨВӨРХАНГАЙ: Мал, малчин, малын эмчийг дэмжих шаардлагатайг малчид хэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын шийдвэрээр 19 сумын 1900 малчныг оролцуулсан бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Хужирт, Есөнзүйл суманд бүсчлэн хийж буй уг зөвлөгөөнөөр хөдөө аж ахуйн салбарт баримталж буй аймгийн бодлого, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжууд, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын эм, тарилга, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байгаа юм. Мөн хүнсний аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээг халах талаар зөвлөгөө өгч, Хөдөлмөрийн тухай хууль, туслах малчинтай хийх хөдөлмөрийн гэрээг танилцууллаа.
2022 оны жилийн эцсийн статистик дүнгээр аймгийн хэмжээнд жилд дунджаар 650 гаруй тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийн 70 гаруй хувийг хүнс, хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж байна. “Тус салбарт малын эрүүл мэнд, махны чанар, бэлчээрийн даац, отор нүүдэл, үйлдвэрлэл, мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өртөг гээд тулгамдсан асуудал олон бий. Үүнийг малчидтайгаа ярилцаж ойлголцох, хамтарч ажиллах шаардлага байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэрбээр бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, малчин өрх бүр өвөлжөө, бууцандаа малын ногоон тэжээл тарих, бэлчээрийг хуваарьтай ашиглах, мал эмнэлгийн үйлчилгээг стандартын дагуу хийлгэх талаар малчдад санал, зөвлөмжийг өгөв.
Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй ч мал, махны үнэ муу байгааг, мөн ченжүүд малчдын гар дээрээс хямд аваад үнэ нэмж худалддаг болохыг хэлж байлаа. “Аймгаас Иран улс руу мах гаргах гэрээ хэлэлцээрийг хийсэн. Цаашдаа урд хөрш рүү мөн гаргана. Гадны улс орнууд бага насны малын мах авах сонирхолтой байдаг. Энэ шаардлагыг хангах үүднээс “Баялаг фиит” ХХК-ийн үйлдвэрлэсэн хурганы тэжээлийг гурван малчин өрхийн 450 хурганд өгч туршиж байгаа. Одоогоор тус тэжээлийг идсэн хурга бусад хурганаас таваас дээш кг-аар илүү жинтэй байна. Хэрэв энэ туршилтын үр дүн сайн байвал ирэх жил бүх малчин өрхөд хэрэгжүүлнэ” хэмээн Засаг дарга хариулт өгөв.
Уг тэжээлийг идсэн хурга намар гэхэд 40-50 кг жинтэй болж, экспортод гаргах шаардлагыг хангах юм.
Одоогоор Өвөрхангай аймгаас 14 сумын 687 өрх 400-гаад мянган толгой малтайгаар 12 аймгийн 80 суманд отор хийж байна. Зарим малчид нутагтаа буцаж ирж байгаатай холбогдуулан дөрвөн цэгт хяналтын пост гарган үзлэг, хяналтыг тавьж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа юм. Гэсэн ч Баянгол, Есөнзүйл суманд малын мялзан өвчин гараад байгааг Мал эмнэлгийн албанаас мэдээлж, малчдад заавар, зөвлөгөө өглөө.
Зөвлөгөөнөөр “Арьс шир” ХХК, “Ноос ирээдүй” ХХК-иас мэдээлэл өгч, малынхаа арьс ширийг эсгэхгүй, зөв авснаар торгон савхи болгож гадагш гаргах боломж байгааг танилцуулсан юм. Зөвлөгөөний үеэр малчдын хэлсэн санал хүсэлтийг нэгтгэж, УИХ, холбогдох яамдуудад хүргүүлэх аж.
Малчдаас мал, малчин, малын эмч гурваа дэмжиж байна улс орны эдийн засаг тогтвортой байна гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн залуу малчдын халааг бэлдэх, түүхий эд, бүтээгдэхүүний үнийг нэмэх, малын хөлийн татварын орлогыг үр дүнтэй зарцуулах, бэлчээр хамгаалах зэрэг олон асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.