ХОВД: Байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-05 12:49:49

Жаргалант /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарын онцлох ажлуудын тухай Ховд аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Мөнхдолгороос тодрууллаа.  

-Ховд аймаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манай аймаг байгальд ээлтэй, тогтвортой, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 105 тоот тогтоолоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Хөтөлбөрийн зорилго нь Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан тэргүүлэх салбар болоход чиглэдэг.


Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах үүднээс отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг барьж, түүнийг түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх замаар иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан. Мөн аймгийн Ногоон хөгжлийн бодлогод ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулна хэмээн заасан.

-Тэгвэл 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан орон нутагт ямар ажил хэрэгжиж байгаа вэ?

-Энэ хүрээнд манай аймаг “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр зохион байгуулсан нь энэ оны хамгийн анхны аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болсон. Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулах аялал жуулчлалын эвент, бүтээгдэхүүний цаглавар хийсэн бөгөөд үүнд Ховдын “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр, “Цайны зам” өв соёлын наадам багтаж, аялагчдад зориулсан сурталчилгаа хийж байна.

-Бусад аймагтай харьцуулахад Ховд аймагт ямар давуу тал, сул тал байна вэ?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манайд олон давуу тал бий. Тодруулбал, Байгалийн хөндөгдөөгүй унаган төрхөө харьцангуй хадгалсан байдал, Газар зүйн ашигтай байршил, Олон угсаатны өв соёл, зан заншил, Түүх, археологийн дурсгал, Олон улсын нисэх онгоцны буудал, Авто замын таатай нөхцөл зэрэг нь давуу тал болдог.

Ийнхүү давуу тал байгаа хэдий ч сул тал бас байна.  Жуулчны улиралд үзвэр үйлчилгээ хомс, Жуулчин хүлээн авах хүчин чадал бага, Хүний нөөц дутмаг, Бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, үнэ өндөр зэрэг сул тал байгаа.   

-Гадаад, дотоодын аялагчид Ховд аймгийн нутгаар явахад замын тэмдэг тэмдэглэгээ, отоглох цэгүүд нь хэр хүртээмжтэй байгаа вэ?

-"Гурван Сэнхэр төвтэй таван од" аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан аяллын маршрутын дагуу жуулчдад зориулсан тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар зэргийг байршуулсан. Мөн 2020 онд Гурван Сэнхэр агуй, Хар-Ус нуурын ойролцоо жуулчдад зориулсан хоёр отоглох цэг байгуулсан байгаа.

-Өнгөрсөн онд хийсэн Аялал жуулчлалын салбарын онцлох ажлыг нэрлэхгүй юу?

-Ховд аймгийн аялал жуулчлалын салбарынхан “Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын салбараас туршлага судлах” аялал, сургалт зохион байгуулсан. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолбор газарт байрлах аялал жуулчлалын байгууллагуудын туршлага судлах аялал, сургалт зохион байгуулсан. “Хосгүй үнэт Ховдыг нээцгээе” аймгийн аялал жуулчлалын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Хил орчмын нутгаар аялах аяллын маршрут гаргах ажлаар SPACES төслийн зөвлөхтэй хамтран Булган суманд ажиллаж, 1258 км аялах аяллын маршрутын төсөл гаргасан. Түүнчлэн Ховдын брэнд Тарвас эвент, Цайны зам өв соёлын III наадам зэргийг зохион байгуулсан юм.

Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу 200-250 км тутамд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор бүхий жуулчдад зориулсан түр буудаллах цэгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Манхан сум “В”, Булган сум “С” ангиллын цэг байгуулахаар сонгогдсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ), хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн дэмжлэгтэйгээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-аас “Манай нутгаар зочлоорой” номыг боловсруулсан юм.

-Цаашид ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ?

-Аялал жуулчлалын тухай хууль, холбогдох журам, стандартуудыг иргэдэд сурталчлан таниулах ажил хэрэгжинэ. “Цайны зам” өв соёлын наадам, “Жангар” наадам зохион байгуулна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд стандартын шаардлага хангасан үйлчилгээний байгууллага бий болгох, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг цэвэрлэх, тухтай аялах боломжийг бүрдүүлэх нь нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд үүнтэй холбогдсон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын албан даалгавар гарч нүхэн жорлонг буулгаж, байгаль ээлтэй ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын байгууллагууд хэрэглэхээр шийдвэрлэсэн.  Уг шийдвэрийн дагуу нүхэн жорлонг буулгаж, эко ариун цэврийн байгууламж байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

 

関連ニュース