ХОВД: Орон нутагт анх удаа амьтны хүрээлэн байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор
сургуулийн сурагч Ц.Маралмаа бага наснаасаа эхлээд амьтадтай ойр өссөн
нэгэн.
Хамгийн анх нохой, загас бэлгэнд
авснаар амьтдыг
таньж мэдэх, хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх сэдэл төрж, гэр бүлийн гишүүдийн
дэмжлэг, хамтын оролцоотойгоор Ховд аймагт анх удаа амьтны хүрээлэн буюу бичил зоо парк байгуулжээ.
Ховд зоо парк энэ оны 6 дугаар
сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энд эмгэн хумс, матар,
могой, хилэнц хорхой, яст мэлхий зэрэг 20 гаруй төрөл зүйлийн 100 орчим амьтан
байна.
Эдгээр амьтныг хооллох, арчлахад
өдөрт дунджаар 6-8 цаг зарцуулдаг бөгөөд байнгын хараа хяналт, анхаарал тавьдаг
байна.
Амьтан бүр өөрийн өнгө төрх,
амьдралын онцлог хийгээд сонин содон нууцуудтай. Амьтдыг тэжээх, хооллох, арчлах явцад
тодорхой хэмжээний зардал гардаг, санхүүжилт шаардлагатай байдаг учраас яалт ч
үгүй амьтны хүрээлэнгээр үйлчлүүлж буй иргэд, хүүхэд багачуудад тасалбар
олгодог болжээ.
Өөрөөр хэлбэл, Ховд
зоо парк орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад 5000 төгрөгөөр
үйлчилж байгаа ба 3-аас доош насны хүүхэд болон төрсөн өдөр нь тохиож буй
хүүхдэд амьтдыг үнэ төлбөргүй үзүүлдэг байна.
14 настай Ц.Маралмаа охин, түүний
гэр бүлийн гишүүд нь амьтан судлаачид болон амьтан үржүүлгийн газар, амьтны
дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, амьтдын хооллолт, арчилгаа сувилгааны тухай
зөвлөмж авдаг.
Хүүхэд багачуудад ховор амьтдыг
ойроос үзэж сонирхох боломж олгосноор хүүхдийн сэтгэхүй, танин мэдэх чадвар хөгжиж, улмаар байгаль дэлхийтэйгээ зүй ёсоор харьцдаг, ан амьтдаа хайрлан хамгаалдаг зөв хүнийг төлөвшүүлэхэд
чухал ач холбогдолтой.
Ховд
зоо парк өдөр бүр
9.00-22.00 цагийн
хооронд ажиллаж байна. Амьдарч буй хашаандаа өөрсдийн боломж бололцоо, сонирхолд тулгуурлан бий болгосон амьтны хүрээлэнд маш олон хүүхэд, иргэд ирж үзэж сонирхож байгаа бөгөөд цаашид амьтны хүрээлэнгээ өргөжүүлэх, ховор амьтдаар баяжуулахаар зорьж байгаа юм.







