ДУНДГОВЬ: Эхний хагас жилд аймгийн тамирчид улс, бүсийн тэмцээнээс 44 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. 2023 оны эхний хагас жилд улс, бүсийн аварга шалгаруулах
23 тэмцээн, уралдаанд Дундговь аймгаас 220 гаруй тамирчин, багш дасгалжуулагч
оролцсоноос 108 тамирчин 12 алт, 16 мөнгө, 16 хүрэл, нийт 44 медаль хүртжээ.
Монголын хүүхдийн спортын их наадам болон улс, бүсийн
аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн дээрх тамирчид, багш,
дасгалжуулагч, нийт 142 хүнд аймгийн Засаг даргын захирамжаар 20,885,210 төгрөгийн урамшуулал
олгож, шагналыг 7 дугаар сарын 6-нд гардууллаа.
Энэ онд тус аймаг спортыг олон төрлөөр нь хөгжүүлэх,
тамирчид, багш дасгалжуулагч нарыг чадавхжуулах, спорт сонирхогч, спортоор
хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, спортын холбоо, төрийн болон төрийн бус
байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор
улс, бүсийн аварга шалгаруулах хэд хэдэн тэмцээнийг аймагтаа зохион байгуулаад
байна.
Энэ жил аймагтаа U-18 насны Улсын аварга шалгаруулах “3х3”
сагсан бөмбөгийн тэмцээн, Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн хурандаа, тус
аймгаас төрөн гарсан анхны спортын мастер Ц.Найдангийн нэрэмжит Хөнгөн
атлетикийн ахмад мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний сурын
ууган мастер, улсын мэргэн, Ш.Жамбасамбуугийн нэрэмжит Үндэсний сурын нээлттэй
тэмцээн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбоо болон Олон улсын шатрын холбооны мастер, Монгол
Улсын 6 удаагийн аварга шатарчин Ж.Лхагвын нэрэмжит “Говийн бүсийн аварга
шалгаруулах шатрын 5 дахь удаагийн тэмцээн зэрэг улс, бүсийн чанартай
тэмцээнүүдийг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгааг шагнал гардуулах ёслолын
үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ онцоллоо.