Ирэх санхүүгийн жилд АНУ 110 мянган дүрвэгчийг хүлээж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. Ирэх 2017 оны санхүүгийн жилд хүлээж авах дүрвэгчдийн тоог 30 хувиар нэмэгдүүлж, 110 мянгад хүргэнэ гэж Б.Обамагийн Засгийн газар шийдвэрлэсэн тухай “Уолл-Стрит Жорнэл” сонин мэдээллээ.
9 дүгээр 30-нд дуусч буй энэ санхүүгийн жилд АНУ-ын эрх баригчид 85 мянган дүрвэгч болон цагаачдыг улс орондоо хүлээж авахаар байна. Өнгөрсөн 2015 онд энэ тоо 70 мянга байжээ.
Ирэх онд АНУ-д очих 110 мянган дүрвэгчдийн 40 мянга нь Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнодын орнуудын иргэд бол 35 мянга нь африкчууд байх аж.
АНУ-ын Төрийн Департамент "энэ санхүүгийн жил дуусахаас өмнө Сирийн 10 мянган дүрвэгчийг тус улс хүлээж авна" гэж мэдэгдэж байсан юм.
Харин дүрвэгчдийг АНУ-д нэвтрүүлэх эсэх тухай асуудлын эргэн тойронд маш ихээр улстөржиж байгаа аж. Тухайлбал, БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трамп хэлэхдээ “террористуудтай холбоотой эсэхийг нь шалгах боломжгүй байгаа үед дүрвэгчдийг олноор нь нэвтрүүлж буй явдлыг зогсоохыг” уриалжээ. Түүний энэ байр суурийг олон америкчууд дэмжиж байгаа бол Обамагийн засаг захиргаа эрс эсэргүүцэж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Энн Ричард хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Ерөнхийлөгч Б.Обама дүрвэгчдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай дурдсан байна.
Х.Сарнай