БАЯН-ӨЛГИЙ: Уулын бүсийн сумдад хадлангийн гарц сайнгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн малчид энэ сарын
1-нээс уулын хадландаа гараад байна.
Тус аймаг нь өндөр уулын бүсэд оршдог, эрс тэс уур
амьсгалтай, зуны улирал богино тул ард иргэд хадлан бэлтгэх ажилд бусад
аймгуудаас эрт буюу уулын хадланд долоодугаар сарын 25-наас наймдугаар
сарын 1-ний хооронд, голын хадланд 15-наас буудаг уламжлалтай.
Өнгөрсөн сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын "Хөдөө аж ахуйн салбарын 2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай" 432 дугаар захирамж гарч, 2023 онд бэлтгэх хадлан, тэжээлийн төлөвлөгөөг баталсан. Захирамжид зааснаар энэ намар аймгийн хэмжээнд 65,3 мянган тонн өвс, 7,9 мянган тонн гар тэжээл, 6,6 мянган тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөөд байгаа. Хадлангийн төлөвлөгөө өнгөрсөн онд бэлтгэсэн нийт хадлангийн хэмжээнээс 2,7 мянган тонноор илүү байна.
Түүнээс гадна аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 830 тонн өвс, 830 тонн тэжээл төвлөрүүлнэ.
Энэ жилийн хувьд
Булган, Дэлүүн, Цэнгэл зэрэг уулын бүсийн сумдад хадлангийн гарц тааруу, голын
сумдаар олон жилийн дундаж түвшинд байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс, орон
нутгийн иргэд хэлж байна.
Тус аймагт хадлан
бэлтгэх ажил 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.