300 гаруй хүнийг хөнөөсөн гурван террористыг Иракт цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-29 17:07:44

БАГДАД. /BBC/. 2016 онд Иракийн нийслэл Багдад хотод болсон дэлбэрэлтийн улмаас 300 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж шархадсан билээ. Энэ хэргийг үйлдсэн гурван хүнийг  цаазаар авчээ.


Лалын шашны ариун рамадан сарын үеэр хүмүүс оройн цагаар зугаалж байх үед тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Энэ бол 2003 онд АНУ тэргүүтэй холбоотнууд Иракт цөмрөн орсноос хойш хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага юм. 


“Лалын улс” бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Хэдийгээр тус бүлэглэл бутцохигдож, Иракт хяналтаа алдсан боловч одоог хүртэл идэвхтэй хэвээр байна.


Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Суданигийн ажлын албанаас мэдээлснээр, цаазаар авах ялыг ням болон даваа гарагуудад гүйцэтгэжээ. Гэхдээ цаазлагдсан хүмүүсийн нэрсийг дурдаагүй байна. 


“Халдлага үйлдсэн этгээдүүдийн дунд “Лалын улс” бүлэглэлийн “уураг тархи” гэгддэг Газван аль-Завбаи байсан” гэж засгийн газрын эх сурвалж “AFP” агентлагт мэдээлжээ. Г.Завбаи 2021 онд баригдаж, Иракт буцаж ирсэн байна.


“Террорист дэлбэрэлтэд оролцсон нь тогтоогдсон гурван гол гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оногдуулсан” гэж Ерөнхий сайд хохирогчдын ар гэрийнхэнд мэдэгджээ. 


2016 оны долоодугаар сарын 3-нд шиит шашинтнууд голдуу оршин суудаг Багдад хотын Каррада дүүрэг дэх хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвийн дэргэд тэсрэх бодисоор дүүргэсэн автомашин дэлбэрчээ. Хохирогчдын ихэнх нь дэлбэрэлтийн дараа барилгыг бүхэлд нь хамарсан түймэрт өртөж амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Дотоод хэргийн сайд Мухаммед Габбан албан тушаалаасаа огцорч байв. 


Тухайн үеийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн хувьд Г.Завбаи болон өөр хэд хэдэн хүнийг уг халдлагын “гол буруутан” хэмээн үзжээ.


Лалын суннит урсгалыг дагадаг “Лалын улс” бүлэглэл тухайн үед Иракийн зүүн хэсгээс баруун Сири хүртэлх 88 мянган хавтгай дөрвөлжин газар нутаг, 8 сая орчим хүнийг хяналтдаа оруулаад байжээ. Уг бүлэглэл нь 2017 онд Иракт, хоёр жилийн дараа Сирид бутцохигдсон боловч тус хоёр улсад олон мянган зэвсэгт этгээдүүд идэвхтэй хэвээр байгаа гэж үздэг.


Энэ оны гуравдугаар сард НҮБ-аас гаргасан мэдээлэлд дурдсанаар, “Лалын улс” бүлэглэл Ирак болон хөрш зэргэлдээ Сири улсад 5-7 мянган гишүүд дэмжигчидтэй байгаа бөгөөд тэдний тал хувь нь зэвсэгт байлдагчид ажээ.  

 


 

関連ニュース