ЗАВХАН: “Паацаахайд тохиолдсон хөгтэй явдал” жүжиг нь хүний мөн чанар, ёс суртахууныг өгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-25 16:34:22

Улиастай /МОНЦАМЭ/. Түдэвтэй сумын Соёлын төв хүүхэд залуучууд, иргэдэдээ соёл урлагийн олон талын үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр хүргэхийг зорьдог аж.


Тэгвэл энэ сарын 28-ны өдөр хоёр дахь уран бүтээл болох хүүхдийн жүжгийг тайзнаа тавих гэж байна. “Паацаахайд тохиолдсон хөгтэй явдал” жүжгийн зохиолч, аймгийн Соёл, урлагийн газрын урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяраас жүжгийн талаарх мэдээлэл болон уран бүтээлийнх нь талаар асууж тодрууллаа. 

 

-Орон нутагт хүүхдийн зохиолыг тайзнаа тавина гэдэг багагүй ур чадвар, хөдөлмөр зарцуулах байх?

-Юуны өмнө Түдэвтэй сумын соёлын төвийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мэргэжлийн театр, чуулгын тайзнаа аливаа жүжгийн уран бүтээлийг амилуулна гэдэг асар их хөдөлмөр, зориг тэвчээр, ахуй амьдралын золиос шаарддаг хүнд үйлдвэрлэл шүү дээ.


Жүжиг бол өөрөө нэгдмэл шинж чанартай, тиймдээ ч дан ганц жүжгийн зохиол байгаад болчихдог зүйл биш.

Жүжгийн зохиол дотор оршиж байгаа нэг үгийн утга, дүрийн харилцан яриа, үйл хөдлөлийн  нийлэмж  нь  өөр өөрийн гэсэн зорилготой хөдөлгөөнтэй амьтай учраас маш нарийн оюун ухааны, ухамсрын үйлдэлт асаргаа ажиллагаа их шаардагддаг.


Харин манай Түдэвтэй сумын Соёлын төв театр урлагийн бүтээлийг орон нутагтаа, өөрсдөө оролцон тоглож, дэмжиж, хамтран ажиллаж байгаа нь бахархам байна.


Түдэвтэй сумын Соёлын төвийн хамт олон өмнө нь “Жогорхой” жүжгийг тайзнаа тавьсан нэлээд туршлагатай баг хамт олон юм. Соёлын төвийнхөө дэргэдэх “Эрчис Ойгон” дуу бичлэгийн студи дээрээ түшиглэн театрын урлагийн гол элементүүдийг нөөц бололцоогоо ашиглан, мэргэжлийн түвшинд далайцтайгаар хүргэхийг зорьж драмын ертөнц рүү багаараа ажиллаж чадаж байгаа нь хөдөө орон нутгийн соёлын хөгжил цэцэглэлтэд анхдагч, үлгэр жишээ болж буй хэрэг юм.

 

-Энэ удаагийн зохиолынхоо товч агуулгыг хуваалцаач? 

-“Паацаахайд тохиолдсон хөгтэй явдал” хүүхдийн жүжгийн агуулга, үзэл санаа нь хүүхэд, багачууд гэлтгүй насанд хүрэгчид рүү илүү чиглүүлэн бичсэн зохиол юм.


Монголчууд мал аж ахуйгаа дагаж, нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмэн. Ялангуяа байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй амьдарч домгийн сэтгэлгээгээр хүн, амьтан, байгаль хоорондын харилцаагаа зохицуулж чаддаг.

Хүн хүндлэх дээдлэх, ёс, амьтдыг хайрлах ухаан гээд нарийн уламжлалт ахуйгаасаа чимээгүйхэн холдож байна шүү. Ингэж болохгүй шүү гэдгийг л жүжгийн гол агуулга, үзэл санаа харуулахыг хичээсэн юм.


Жүжгийн үйл явдал нь цаг хугацаа, орон зайны хувьд хоёр өөр газар нэг шугам дээр явж байгаа юм. Жүжиг маань цаг хугацаа, орон зайн харилцааны харилцааг дүрсэлсэн хронотоп шинжтэй.


Хронотоп гэж цаг хугацааны ойлголт л доо. Миний багш яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг “Цаг хугацаа орон зайн хувьд ялгаатай боловч яг ижилхэн үзэгдэл, үйл явдлын талаар үзүүлэх уран бүтээл юм” гэж тодорхой хэлж байсан нь санаанд ойрхон байдаг. Тиймээс л энэхүү хүүхдийн жүжгийн яг л дээр хэлсэнчлэн бичсэн юм.

 

-“Паацаахайд тохиолдсон хөгтэй явдал” зохиол маань хүүхдүүдэд яг ямар мэдээллийг өгөх вэ?

-Соёл урлагийнхны үүрэг, алсын харааны хамгийн том зорилго бол соён гэгээрүүлэх шүү дээ. Тэгвэл бидний бүтээл нэгдүгээрт эх хүн, эцэг  хүний үг бол амьдралын хамгийн зөв оршихуй юм гэсэн ойлголтыг хүүхдүүдэд өгөхийг зорьсон.  

Хоёрдугаарт сургуулийн орчин дахь хүүхэд хоорондын зөв харилцааны хүмүүжлийн асуудлыг хөндсөн.


Яг одоо нийгэмд яригдаад байгаа сургуулийн насны хүүхдүүдийн үе тэнгийнхний бие биеэ ялгаварлан гадуурхах үзлийг хөндсөн. Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх арга барил, найз нөхдүүд, хүүхдүүдийн бие биенээ хүндэтгэх, хайрлах ухааныг энэ жүжиг хэлж өгөх юм.

Гуравдугаарт нүүдлийн ахуй амьдралтайгаа хослох сэтгэлгээний асуудал, хайрлах, хүндлэх, дээдлэх гэсэн хувь хүний зан үйл, ёс суртахууны тухай ойлголт гэсэн өгөгдлүүдийг энэхүү жүжгээрээ дамжуулан хүүхэд бүрд хүргэнэ.   

 

-Түдэвтэй сумын соёлын төвийн өвөл цагийн нээлтийн гол үйл явдал нь “Паацаахайд тохиолдсон хөгтэй явдал” хүүхдийн жүжиг байх юм байна?

-Орон нутгийн соёл урлагийн байгууллагуудын хамгийн сэтгэл догдлом зүйл бол өвөл цагийн үзвэрийн нээлт байдаг. Түдэвтэй сумын Соёлын төв нь соёл урлагийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа бусад сумаас илүү онцлогтой, өргөн цар хүрээтэй, илүү ач холбогдол өгч зохион байгуулж чаддаг хамт олон юм.


Энэ жилийн соёл урлагийн үйл ажиллагааны өвлийн үзвэрийн нээлт өргөн цар хүрээтэй болох гэж байна. Тодруулж хэлбэл Завхан аймгийн хойд бүсийн сумдын соёлын төвүүд хамтран оролцох аж.

Энэ үйл ажиллагааны хүрээнд бүсийн сумаас ирсэн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарын урлагийн үйл ажиллагаа, музей, аймгийн төв номын сангаас ирсэн шинэ ховор номын үзэсгэлэн гээд үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.


“Паацаахайд тохиолдсон хөгтэй явдал” хүүхдийн жүжгийг анх удаа сумын соёлын төвд, бүх насныханд зориулж тавих гэж байна. Түдэвтэй сумын соёлын төвийн тайзнаа тавих гэж буй хоёр дахь жүжиг. 

Яахав өмнө нь соёлын үйл ажиллагаа урлагийн тоглолт, ардын авьяастнуудын үзүүлбэрүүд гээд тайзны төрөл бүрийн тоглолтууд л болдог байсан. Харин энэ удаад тайзны хамгийн том үзүүлбэр болох жүжгийг найруулан тавих гэж байгаагаараа онцлогтой юм.


-Таныг хэд хэдэн жүжгийн зохиол бичсэн гэж дуулсан. Уран бүтээлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. “Цагаан хүзүүт майга бор”, “Худалдагчийн зүүд”, “Ач хүүгийн зүүд” гээд хүүхдийн жүжгийн гайхалтай, гайхамшигтай уран бүтээлүүдийн эзэн XX зууны Монголын соёл урлаг, утга зохиол-суу билэгт, агуу жүжгийн зохиолч, найруулагч  Ламжавын Ванган гуайн нутагт анхны минь зохиол тэр дундаа хүүхдийн зохиол минь амилан өөрөө найруулан тайзнаа тавьж байгаадаа баяртай байна. Үнэхээр авшиг, адислал  юм. Бас сүрдэнгүй л, санаа зовонгуй л байна.


Би СУИС-ийн театр урлагийн сургуулийг жүжиг, киноны зохиолч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоогийн байдлаар бүрэн хэмжээний драмын жүжгийн зохиол гурав, хүүхдийн жүжиг хоёрыг бичиж, ном гаргах хэмжээний нэлээд хайку шүлэгтэй болжээ. Дэлхийн залуучуудын хайку шүлгийн анатологид найман хайку шүлэг минь шалгарч орсон байдаг юм.


-Ер нь урлаг соёл хүнд юуг өгөөсэй гэж та боддог вэ?

-Урлаг соёлын зориулалт нь ерөөсөө л соён гэгээрүүлэх. Бид амьдрах бус оршин байхын цаад мөн чанарыг л ойлгуулах юм. Миний харж байгаа томьёолол нь Жүжиг+Хүн+ Соёл урлаг= Орших” гэж хараад байгаа юм.


-Орон нутагт ажиллаж амьдарч байгаа урлагийн залууст өнөөдөр яг юу хэрэгтэй байна гэж харж байна?

-Бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага тэгээд хамгийн чухал нүүдэлчин язгуурынхаа онцлог үүх түүхийг л судалж мэдээсэй гэж хардаг юм. Судалгаа, бас дахин судалгаа.

Сум бүр аймаг бүр, улс  юугаараа ондоошоод байгаа юм. Жишээлбэл Завхан аймгийн Түдэвтэй сум бусад 23 сумаасаа ямар язгуур өв соёлоороо ондоошоод, ижилсээд байгаа юм гэдэг үзэл санаа хамгийн чухал болоод байна. Тиймээс бид соёлыг бүх талаас нь эхлээд судалж, мэдээд, дараа нь олон нийтэд хүргээд, өвлүүлэн уламжлуулах ажлыг хийх нь зүйтэй санагддаг.

-Танд баярлалаа. 

関連ニュース