ДАРХАН-УУЛ: “Архигүй Дархан” аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-05 18:19:52

Дархан, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Архинаас татгалзъя” аяныг өрнүүлээд байна. Уг аяныг аймгийн ЗДТГ дэмжиж олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар болсныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.


Гэр бүлийн хүрээнд, гудамж, олон нийтийн газарт үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед үйлдэгддэг аж. Түүнчлэн иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлэх, нийтийн өмч сүйтгэх, хүний амь, эрүүл мэндэд халдаж байгаа тул аймгийн хэмжээнд архины хэрэглээнд хяналт тавьж хүн бүр нэгдэхийг аймгийн Засаг дарга уриаллаа.


Архины зөв зохистой хэрэглээг хэвшүүлж иргэн, албан байгууллагууд аливаа тэмдэглэлт баяр, ёслол, бэлэг дурсгалд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зөвлөмжийг хүргүүлж эхэлсэн аж.


Түүнчлэн энэ жилийн тухайд өмнөх жилтэй харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт буурсан үзүүлэлттэй байгааг тодотголоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан архины хатуулгийн хэмжээг бууруулах үндэсний бодлого алсдаа үр дүнгээ өгөхөд бидний дэвшүүлж буй уриалга тодорхой хэмжээнд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна гэв.



Нөгөөтэйгүүр гарч буй тогтоол, шийдвэрт архитай холбоотой ямар нэгэн хязгаарлалт гаргахгүй. Харин хэрэглээний соёлтой шууд холбоотой учир зөв, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд анхаарч ажиллаж ажээ.


Зөв дадал хэвшлийг бий болгож, архины хамааралтай иргэдийг эмчилж, эрүүлжүүлж, архинаас татгалзах нөлөөллийн үйл ажиллагаа бүхий “Гоё амьдрал” эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Одоогоор барилгын засварын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад оруулах ажээ.

関連ニュース