АРХАНГАЙ: Төвшрүүлэх суманд 23 сортын үрийг туршилтаар тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК-ийн тариан талбайд 23 төрлийн сортын үрийг туршилтын журмаар анхны жилдээ тарьжээ. Өндөр уулын бүсэд аль сортын үр дүнтэй ургаж, нутагших вэ гэдгийг багадаа гурван жил, цаашлаад таван жилийн хугацаанд тарьж байж нутагшуулдаг байна.
Га талбайгаас авах ургац ихтэй байх нь үрээс шууд хамааралтай учраас аймгийн ХХААГ, Монголын агрономичдийн холбоо, Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтарч ийнхүү Төвшрүүлэх суманд туршилтын тариалалт хийсэн байна.
Тухайлбал, Дархан 131, Дархан 160, Дархан 222, Дархан 181, Дархан 144, Буриадскаяа 551, Алтайский, Новосибирскаяа зэрэг үрийн олон сортыг тарьсан нь анхны жилдээ гэхэд бүгд ургасан нь үр дүнгээ өгнө хэмээн хэлж байв. Мөн хэмжилтүүдийг ч хийж байгаа.
Монголд тогтвортой ургац өгөх, Газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тогтворжлийг хангах сортыг сонгох зорилготой аж.
Архангай аймгийн газар
тариалангийн бүс нь өндөрлөг түвшинд оршдог онцлогтой. Аймгийн тариалан
эргэлтийн талбай 25 мянга орчим га. Үүний 15 мянга га-д жилд үр тариа тарьдаг.
Энэ талбайн 11 мянган га-д улаан буудай, дөрвөн мянга гаруйд малын тэжээл, 500
орчим га-д тосны ургамал, 100 гаруй га талбайд арвай, 300 га-д төмс, хүнсний
ногоо тариалж байна.