Хятадад нууц мэдээлэл дамжуулсан АНУ-ын түрүүч асныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-09 16:04:51

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 9 /CNBC/. АНУ-ын армийн түрүүч асан Жозеф Даниел Шмидтийг Хятадын талд Америкийн үндэсний аюулгүй байдлын нууц мэдээлэл дамжуулахыг завдсан хэргээр баасан гарагт баривчилжээ.


Ж.Шмидт нь 29 настай бөгөөд түүнийг Хятадаас ирсэн даруйд Сан-Францискогийн нисэх онгоцны буудалд саатуулсан гэж АНУ-ын Хууль зүйн яам (ХЗЯ) мэдээлсэн байна.


Тус яамнаас мэдээлснээр, тэрбээр Хятадын тагнуулыг АНУ-ын батлан хамгаалахын мэдээллээр хангах ажлыг 2020 оны нэгдүгээр сард цэргийн албанаас халагдсаныхаа дараа эхлүүлжээ.


Хэрэв Ж.Шмидт үндэсний батлан ​​хамгаалахын нууц мэдээллийг бусдад дамжуулахыг оролдсон, ийм мэдээллийг хадгалсан гэсэн хоёр хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жилээр шоронд хоригдох ялаар шийтгүүлж, 250 мянган долларын торгууль төлөх юм.


Тэрбээр хамгийн сүүлд Вашингтон муж улсын Льюис-Маккорд нэгдсэн баазын цэргийн тагнуулын 109-р батальонд алба хааж байсан бөгөөд "нууц" болон "маш нууц"  зэрэглэлийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй байжээ.


АНУ-ын ХЗЯ-наас мэдээлж байгаагаар, Ж.Шмидт армиас гарсныхаа дараа цэргийн сүлжээнд нэвтэрдэг төхөөрөмжийг хадгалж, Хятадын эрх баригчдад санал болгосон байна.


Түүнийг мөн Турк дахь Хятадын Консулын газар болон Хятадын аюулгүй байдлын албатай цахим шуудангаар холбогдож мэдээлэл өгөх санал тавьсан гэж буруутгажээ.

関連ニュース