ОУАЭХА-ийн шинжээчид Фүкүшимагийн орчин тойрноос дээж цуглуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-12 10:27:48

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 12 /NHK/. Хятад зэрэг орнуудын шинжээчдээс бүрдсэн баг “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦСойр орчмоос далайн ус, загасны дээж цуглуулахаар ирэх долоо хоногт Японд айлчилна гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /ОУАЭХА/ мэдэгджээ.


АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгах ажил энэ оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд тус станцын оператор компани уг ажиллагааны хоёр дахь үе шатыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд байгаа юм. ОУАЭХА-ийн мэдээлснээр, Канад, Хятад, Өмнөд Солонгосын шинжээчдээс бүрдсэн баг Японд аравдугаар сарын 16-23-нд очиж, дээж цуглуулахаар болжээ. Улмаар дээжийг өнгөрсөн жил авсан дээжтэй харьцуулж, цацраг идэвхт бодисын агууламжийн өөрчлөлтийг шалгана.


Өнгөрсөн сард болсон ОУАЭХА-ийн жил тутмын хурлын үеэр Хятадын төлөөлөгч цэвэрлэсэн, шингэрүүлсэн усыг “цөмийн бохирдолтой ус” хэмээн тодорхойлоод, далайд асгаж байгааг зэмлэн буруушаажээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, урьд хожид хийж байгаагүй энэ үйлдлийн далай тэнгис, экологид үзүүлэх нөлөөллийн талаар тодорхойгүй зүйл их байна гэжээ. Түүнчлэн Японы талыг уг үйл ажиллагааны талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөөгүй гэж мэдэгдээд, олон улсын үр дүнтэй, урт хугацааны хяналтын механизмыг бий болгохыг ОУАЭХА-д уриалжээ.


2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас Японы зүүн хойд нутагт байрладаг АЦС-ын осол гарсан юм. Улмаар цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашигласан усыг станцын байгууламжийн доторх 1000 орчим саванд хадгалж байна. Хуримтлагдсан усан дахь цацраг идэвхт бодисуудыг гадагшлуулахын тулд цэвэрлэсэн боловч тритий агуулагдсан хэвээр байна. Усыг далайд асгахаасаа өмнө оператор компани цэвэрлэсэн усан дахь тритийн агууламжийг ДЭМБ-ын тогтоосон ундны усны зөвшөөрөгдөх түвшний 1/7-д хүргэн багасгаж шингэрүүлжээ.

関連ニュース