Хүмүүнлэгийн коридорын аюулгүй байдлыг хангах баталгаа гаргахыг АНУ-аас хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-10-13 11:31:10

КАИР, 2023 оны аравдугаар сарын 13 /Al Arabiya/. Египетийн эрх баригчид Газын зурвас дахь палестинчуудад тусламж үзүүлэхэд зориулсан хүмүүнлэгийн коридорын аюулгүй байдлыг хангах баталгаа гаргаж өгөхийг АНУ-аас хүссэн тухай “Al Arabiya” суваг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 


Египетийн эрх баригчид мөн “Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх үед пуужин харвахгүй байхыг” Палестины бүлэглэлүүдээс шаардсан байна. 


Израил, Египет улсууд тус зурвасаас дүрвэгсдийг гаргахад зориулан коридор байгуулах талаар зарчмын хувьд тохиролцсон гэж өмнө нь “Axios” цахим хуудсанд Америк, Израилын эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. Ямар нэгэн байдлаар гал зогсоох шаардлагатай болох тул эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш их бэрхшээл тулгарна гэж “Axios” -ын эх сурвалжууд онцолжээ. Одоогоор Газын зурваст Америкийн 500 гаруй, бусад орны олон зуун иргэд байгаа юм. 


Египет улсаар дамжуулан Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх коридор байгуулахаар Каиртай хамтран ажиллаж байна гэж НҮБ өмнө нь мэдэгдсэн билээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Газын зурвасаас дүрвэгсдийг гаргах коридор байгуулах боломжийг Египет, Израилын талтай хэлэлцэж байгаа тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби мэдээлжээ. 






関連ニュース