ӨВӨРХАНГАЙ: Д.Пүрэвдорж найрагчийн "Тусгаар тогтнол" шүлгийг 1200 сурагч уншлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг намрын адаг сарын шинийн нэгний билигт өдрөөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Ойн үйл ажиллагаа аймгийн Төв номын сангийн өмнө байрлах Д.Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, Ардын уран зохиолч, МУСГЗ Т.Галсан, МУСГЗ, төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Д.Цахилгаан, Ардын жүжигчин Г.Равдан, МУСГЗ Н.Даваадаш, МУСГЗ Б.Хүрэлбаатар, МУСГЗ, МЗЭ-ийн тэргүүн Б.Ичинхорлоо, МУСГЗ Б.Сарантуяа, яруу найрагч Б.Гантулга, Л.Моломжамц Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн үр хүүхдүүд хүндэт зочноор уригдан оролцов.
Мөн Д.Пүрэвдорж найрагчийн нэрэмжит төгөлийг “Залуус” цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, зохиолчид 90 мод тарьсан бол их найрагчийн “Тусгаар тогтнол” шүлгийг 1200 сурагч Аюуш баатрын талбайд алдаршуулан уншиж, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг тунхаглан түгээлээ.
Ойн хүрээнд зохиогч – уншигчийн “Уран үгсийн чуулган” уулзалт, “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам зэргийг зохион байгуулж, “Болор цом-ын эзэд, нэрт найрагчид яруу найраг, оюун санааны охь болсон бүтээлүүдээ уншин толилуулахаас гадна онгод хийморийн шүлгэн хүлгээ найрагч 21 уралдууллаа.
Ойн баярын ерөнхий зохион байгуулагч аймгийн ЗДТГ-аас яруу найргийн наадмыг тэргүүлсэн “Алтан-Өд” наадмын шагналт яруу найрагч Х.Нямхишигийг 3 сая, дэд байрт шалгарсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайханыг 2 сая, гутгаар байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Түмэнбаярыг 1 сая, тусгай байрт шалгарсан залуу яруу найрагч Г.Хашбаатар, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч О.Элбэгтөгс нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр “байллаа”. Мөн “Дэндэвийн Пүрэвдорж сан”, “Шувууныхан” баг, хамт олноос наадамд оролцсон бүх найрагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр мялаасан юм.
Энэ үеэр Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит "Төрийн шилдэг түшээ" одонгоор яруу
найрагч, МУСГЗ Б.Ичинхорлоог,
“Өвөрхангай аймгийн
алдартан” одонгоор зохиолч,
МУСГЗ Б.Сарантуяаг шагнан хүндэтгэл үзүүллээ.