Автомат тэргэнцэрт нуусан их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ, 2023
оны аравдугаар сарын 16 /BBC/. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд автомат тэргэнцрийн зөөлөвчөн дор нуусан байсан 11 кг жинтэй кокаин байж болзошгүй бодисыг илрүүлжээ.
Бямба гарагт 51 настай нэгэн эрэгтэй гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед нийт 1.5
сая ам.долларын үнэ хүрэх уг ачааг илрүүлсэн байна. Улмаар Карибын
тэнгисийн Синт-Мартен улсаас
Парисаар дамжин ирсэн уг эрэгтэйг баривчилжээ.
Хэрэв уг этгээд
аюултай мансууруулах бодисыг хилээр
гаргахыг завдсан гэм буруутай болох нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял авч магадгүй юм. Гаалийн албаныхны мэдээлснээр,
сэжигтэн тэргэнцрийг хоёр ачаа тээшнийхээ нэг болгон хилээр нэвтрүүлсэн байна.
Гаалийн ажилтнууд тэргэнцрийн
суудлын зөөлөвч болон түшлэгийг
дахин оёсон болохыг анзаарч илрүүлснийхээ дараа дахин шалгалт хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэй уг зорчигч өөрийгөө машин түрээсэлдэг компанийн захирал хэмээн танилцуулсан бөгөөд
тэргэнцрийг найзаасаа зээлсэн гэж холбогдох
албаныханд хэлжээ.
Хэргийг мөрдөн
шалгах ажиллагааг эхлүүлжээ. Гаалийн ажилтнууд энэ мөчөөс эхлэн үндэстэн дамнасан
мансууруулах бодисны наймаатай тэмцэхийн тулд “ихээхэн эрсдэлтэй бүс нутгаас”
ирсэн зорчигчдыг шалгах ажиллагааг чангатгана гэдгээ мэдэгдсэн байна.
Хонконгийн нисэх буудлын
хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 2021 онд гаалийн шалгалтаар аюултай
мансууруулах бодис илэрсэн 906 тохиолдол бүртгэгдсэн бол 2022 онд 931 болж нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд ийм хэргээр 178 хүнийг баривчилжээ.
Энэ нь нисэх онгоцны буудалд тэргэнцэрт нуусан мансууруулах бодисыг илрүүлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Нью-Йоркийн холбогдох албаныхан нэгэн эмэгтэйн тэргэнцрийн дугуйнаас 450 мянган ам.долларын үнэ бүхий кокаиныг хураан авч байв. Түүнчлэн 2022 оны есдүгээр сард Италийн Милан хотод 1.6 сая орчим ам.долларын кокаиныг автомат тэргэнцрийн зөөлөвчинд чихэж хийсэн байсныг илрүүлж байжээ.