ДУНДГОВЬ: Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиадад 395 сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш
Н.Өлзийн нэрэмжит XХI олимпиадыг 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Мандалговь
хотноо зохион байгуулж, Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай,
Говьсүмбэр аймгийн 19 сургуулийн 5-12 дугаар ангийн 395 сурагч, 28 математикийн
багш оролцож, мэдлэг оюунаа сорин оролцлоо.
Олимпиадыг Монголын математикийн холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, БШУГ, гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит “Цэгц билиг” сургууль хамтран зохион байгуулжээ.
Оролцогчид 7 баг болон
оролцож, багийн дүнгээр Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн нэгдүгээр баг 16.5
оноогоор шалгарч, Дундговь аймгийн “Цэгц билиг” сургууль 33 оноогоор
хоёрдугаар, Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн хоёрдугаар баг гуравдугаар
байрт шалгарчээ.
Тус олимпиадад 5 дугаар ангийн
сурагчдаас Улаанбаатар хотын Соёмбо сургуулийн сурагч А.Содбилэг, 6 дугаар
ангийн сурагчдаас Улаанбаатар хотын I сургуулийн сурагч
Д.Оюунтөгөлдөр, 7 дугаар ангийн сурагчдаас Өмнөговь аймгийн I сургуулийн сурагч Х.Аригуун, 8 дугаар ангийн сурагчдаас мөн
тус аймгийн III сургуулийн сурагч Э.Эрхэс, 9
дүгээр ангийн сурагчдаас Улаанбаатар хотын I сургуулийн оролцогч Н.Мөнх-Эрдэнэ нар нэгдүгээр байр
эзэлжээ.
Харин 10 дугаар ангийн сурагчдаас Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн оролцогч О.Мөнхзолбоо, 11 дүгээр ангийн сурагчдаас Улаанбаатар хотын I сургуулийн сурагч У.Удвал, 12 дугаар ангийн сурагчдаас Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн сурагч Х.Оюун-Ундрах нар тэргүүлсэн бол багш нарын дундах оюун ухааны сорилгод Улаанбаатар хотын I сургуулийн бага ангийн багш М.Отгонжаргал, дунд ангийн багш А.Сайнжаргал нар түрүүлж, багш нарыг манлайлсан байна.
Жил бүр гавьяат багш Н.Өлзийн гэр бүлээс түүний нэрэмжит бодлогын шагнал гардуулдаг бөгөөд энэ удаагийн олимпиадад 28 сурагч энэхүү шагналыг хүртжээ.