Наран сум шинэ Соёлын төвтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-21 09:53:25

Сүхбаатар аймгийн Наран суманд шинэ Соёлын төвийг 9 сарын 16-ны өдөр албан ёсоор  ашиглалтад орууллаа. Соёлын төвийн нээлтэнд аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш. Мандахнар, Боловсрол соёлын газрын дарга Л.Байгалмаа нарын бусад холбогдох хүмүүс оролцжээ.

Тус барилга нь нийт 1,3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Анх 2013 онд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн өртөгөөр суурийг нь тавьж барилгын ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болж 2014 оныг хүртэл царцаагдсан барилгын тоонд ороод байсан юм. Улмаар 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажлыг дахин эхлүүлж бүрэн барьж дуусган 2015 оны намар улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг.

Энэхүү соёлын төв нь 240 хүний суудалтай үзвэрийн танхим, номын сан, хөгжим бүжгийн болон бэлтгэлийн гээд бүх төрлийн өрөө тасалгаануудтай, хоёр давхар барилга юм. Стандартын шаардлага хангасан, зориулалтын соёлын төвд нутгийн иргэдэд соёлын үйлчилгээг олон чиглэлээр чанартай хүргэх боломж нөхцөл бүрдэж байгаад баяртай байна хэмээн нээлтэнд оролцогчид хэлж байлаа.

Т. Одончимэг

関連ニュース