ТӨВ: Т.Отгончимэг: “Хүмүүн бичиг” сониныг уншуулаад мэдээ бэлтгүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод 2023 оны 10 дугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг
“Хүмүүн бичиг” сонины байнгын захиалагч, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий
боловсролын сургуулийн Монгол хэлний багш Т.Отгончимэгийг энэ удаагийн
ярилцлагаараа онцолж байна.
-Таныг удам дамжсан багш гэж сонсож байсан. Та өөрийнхөө
талаар товч танилцуулна уу?
-Намайг Төмөрбарын Отгончимэг гэдэг. Аав, ээж хоёр маань улсад 38 жил багшлаад гавьяаныхаа амралтад суусан. Аав Т.Төмөрбар математик, физикийн багш, ээж Б.Нарантуяа монгол хэлний багш байв. Аав, ээж хоёр маань түмэндээ хүндтэй, шавь нартаа хайрлагдсан багш нар байсан бөгөөд би энэхүү үйл хэргийг нь үргэлжлүүлж яваадаа их бахархдаг. Манай гэр бүл Төв аймгийн Борнуур сумын уугуул хүмүүс бөгөөд би сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2006-2011 онд МУИС-ийг Монгол хэлний багш, судлаач мэргэжлээр сурч дүүргэсэн.
-Анх багшийн мэргэжлийг сонгох болсон нь эцэг, эхээс тань
шалтгаалсан уу? Урам зориг өгч, хүсэл тэмүүлэл, зорилгыг чинь хурцалж өгдөг хүн
байсан уу?
-Аав, ээж маань багш учраас манай гэр номын их өргөө шиг л байдаг байсан нь нөлөөлсөн. Бас яг энэ мэргэжлийг сонгоход үлгэр дуурайлал талаасаа нөлөөлсөн хүн байдаг. Анх дуулах бүжиглэх багахан авьяастай байсан болохоор дуучин болох хүсэлтэй байлаа. Харин намайг 9 дүгээр ангид ордог жил манай сургуулийн төгсөгч П.Болорчулуун гэх монгол хэлний багш сургуульд ирж ажилласан. Энэ үеэр ээж маань “Залуу хүн өөр байгаа” гээд намайг шавь оруулж байлаа. Тухайн үед багшийг МУИС төгссөн гэдгийг сонсоод энэ л сургуульд орох юм шүү гэдэг хүсэл сүүлдээ зорилго болсон юм. Би чинь өөрөө ёстой сууж сураагүй хүүхэд байв. Харин багш маань намайг суулгаж сургасан даа.
Өнөөдрийн байдлаар урам зориг авдаг багш
маань Борнуур сумын ЕБС-д сургалтын менежерээр ажилладаг. Анх ажлын
ярилцлагад орж, шалгалт өгч байх үед надаас “Таван жилийн дараа ямар амжилт
бүтээлтэй багш болох вэ?” гэж асуухад “Хүүхдүүдээр хүрээлүүлсэн багш болно” гэж
хариулж билээ.
-Аав, ээж тань мэргэжил арга зүй талаасаа танд сургаалаа их хайрладаг байх?
-Тийм ээ. Миний аав нас бараад нэг жил болж байна. Аав минь хүүхдийн
төлөө сэтгэлтэй байхад амьдрах зам аяндаа цагаан байдаг шүү гэж хэлж захидаг
байсан. Бас юу ч мэддэггүй, сурдаггүй хүүхэд гэж байдаггүй юм, хүүхдэд жаахан
урам өгөхөд сэргээд л ирдэг болохоор хүүхдийг муу байна гэж хэлж болдоггүй юм. Муу
сураад байна гээд л бодоод байвал чи өөрийгөө л үнэлж хэлж байгаа шүү гэж сургадаг
байлаа. Монгол хэл бичгийн хичээлийг заримдаа хүүхдүүд дутуу ойлгосон юм шиг
мэдрэгдээд байвал ээжээсээ зөвлөгөө авна. Ээж минь Уран зохиолын хичээлийг
ёстой нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол заадаг байсан. Аав, ээж шигээ л багш
болохыг зорилгоо болгон зүтгэдэг.
-Багшилж байх хугацаандаа "Хүмүүн бичиг" сониныг хичээл
ордог ангийнхнаараа захиалуулан мэдээ бэлтгэдэг байсан гэсэн. Та тухайн үеийн сургалтын
арга барилаасаа хуваалцвал?
-Би чинь олон жил ажилласан туршлагатай багш нарын дэргэд бол цөөн шүү дээ. Чамлахгүйгээр ийм том асуулт тавьсанд талархаж байна. Анх монгол бичиг сурч байгаа хүүхдүүдэд “Чи бол монгол хүн” гэж байгаад л бараг 2-4 цаг ухуулга хийнэ. Сэтгэл зүйг нь сайн гэгч нь чиглүүлж аваад л ханцуй шамлаад зааж эхэлнэ дээ. Үсгээ үзээд дууссан хүүхдүүд уншихын бөөн хүслэн байдаг. Манай сурах бичиг унших галиглах, хөрвүүлэх эх маш бага байдаг. Тиймээс “Хүмүүн бичиг” сониныг уншуулаад мэдээ бэлтгүүлдэг. Анхлаад хүүхэд ганцхан мэдээ бэлтгэхэд хичээлийн 40 минут багаддаг байлаа. Бага багаар унших хурд нэмэгдсээр багшдаа шууд уншиж өгдөг болдог юм билээ. Хүүхдүүдийн идэвх маш сайн болдог. Хэн нь илүү том сэдэвтэй мэдээ бэлтгэх вэ гээд л уралдуулдаг байсан. "Хүмүүн бичиг" сониныг 2022, 2023 оны төгсөгчид миний ёстой гарын шавь нар байсан бөгөөд тэд 2017 оноос 2020 он хүртэл захиалсан. Ийм арга барилаар хичээл ороход 2021-2022 оны төгсөгчдийн 90,5 хувь, 2022-2023 оны төгсөгчдийн 92 хувь нь үндэсний бичгээр тод сайн уншдаг байв.
-Хүүхдүүдэд бий болдог шинэлэг зан чанар, суралцдаг зүйлс
нь юу байсан бэ?
-Нэг сонин уншаад суусан хүүхэд тухайн мэдээгээ заавал дуусгана. Тэгэхээр бага ч гэсэн ямар нэг зүйлийн үр дүнг үздэг, тогтвортой болоод ирдэг юм билээ. Бас монгол бичгээр энд тэнд уншсан зүйлээ зарим нь хүмүүс уншиж чаддаггүй юм байна лээ гээд цагаахан онгирох нь бүр хөөрхөн байдаг.
-Монгол бичгийг хүүхдүүд анх суралцахад юуг анхаарах ёстой вэ?
-Би одоо ч мундаг, сайн багш болж чадаагүй болохоор зарим асуултууд их л сандаргаж байна шүү. Өөрийн бодож явдаг зүйлээ хэлбэл “Анх сурч байгаа хүүхдийг залхааж, уйдаахгүй байх нь л чухал санагддаг. Мөн хийсэн болгонд нь урам өгч байхад хүүхдүүд “Багшаа дараагийн хийх даалгавраа өгөөрэй” гээд л байдаг юм билээ.
-Сурагчдынхаа амжилтуудаас хуваалцвал?
-Миний анхны гарын шавь 2021 оны төгсөгч Г.Мөнхзул МУИС-ийн Монгол хэлний ангид суралцдаг бөгөөд сургуульд байхдаа “Билгийн зул” улсын чанартай олимпиадаас алтан медаль хүртэж байлаа. 2019 онд 2022 оны төгсөгч Э.Минжинсор аймгийн төрөлжсөн хичээлийн олимпиадаас мөнгөн медаль хүртэж байв. Мөн хурдан уншлагын улсын уралдаанд 12а ангийн Р.Отгон-Эрдэнэ амжилттай оролцож байсан. Шавь нараас маань 1 минутад 150-аас дээш үг уншдаг 20 сурагч байсан. 2022 оны Монгол хэл бичгийн шалгалт, Монгол хэлний ЭЕШ-д аймагтаа нэгдүгээр байр, 2023 оны ЭЕШ-д хоёрдугаар байр эзэлсэн амжилттай.
-Та өөрөө монгол бичгийн ямар төрлөөр бичдэг вэ?
-Бийрэн бичлэгээр бичих гэж оролдож, суралцаж л явна.
-Монгол бичгийг суралцсандаа талархаж, бахархаж байсан
цаг мөчөөсөө хуваалцвал?
-Монгол бичгээр ангиараа уншиж байгаа сурагчдаа харахаар зөв мэргэжил сонгож дээ гэж боддог. Багшийн ажлын үр дүн хувийн амжилтаас илүү нийтийн сургалт л гэж боддог. Учир нь төгссөн сурагчид “Их сургуульд ороод таны заасан зүйл их хэрэг болж байна” гэж хэлэх тэр үгс улам урам зориг өгдөг.
-Хөдөө орон нутагт ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг уу?
-Хамгийн сайхан тайван амар амгалан газар бол хөдөө шүү дээ. Өөрийн төрөлх сургуульдаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа болохоор хүндрэлтэй зүйл гардаггүй ээ. Найрсаг эелдэг хамт олон, хөөрхөн эгдүүтэй хүүхдүүдэдээ амьдралынхаа цаг мөчөөс үр бүтээлтэй хуваалцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Жаахан хоцрох гээд байгаа хүүхдийнхээ аав, ээжтэй нь таарахад анхаарах зүйлсийг нь хэлээд өгчихдөг болохоор давуу тал ихтэй.
-2025 оноос төрийн байгууллагууд хос бичгээр албан хэргээ хөтлөн явуулах тухайд таны байр суурь ямар байдаг вэ?
-Хайрлах
ёстой, хамгаалах ёстой, тэгэхгүй бол юу болох вэ гэдгийг ойлгуулахгүй бол
хүүхдүүд үндэсний бичиг гэхээр залхсан түлхсэн өнгө аястай байдаг. Төрийн албан
хаагчдад хүртэл монгол бичиг хүндрэл болох байх. Саалиа бэлдэхээр саваа бэлд
гэдэг биз дээ. Миний бодлоор хос бичигтэн болчихоод дараа нь үндэсний бичгээ эх
бичгээ болгох хэрэгтэй. Нар зөв эргэсэн, эд ширхэг бүр нь амьд амьдралтай бичиг
шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.