Гонкурын шагналыг зохиолч Жан-Батист Андреа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-08 11:06:42

ПАРИС, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /TASS/. Франц улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Гонкурын шагналыг зохиолч Жан-Батист Андреа хүртлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг BFMTV  телевиз мягмар гарагт шууд дамжуулжээ.


Энэхүү дээд шагналыг  Жан-Батист Андреа 2023 онд хэвлэгдсэн Veiller sur elle(Watch over her) романаараа хүртсэн байна.


Өдгөө 52 настай найруулагч, сценарист Ж.Андреа 46 настайдаа зохиолч болж, түүний гурван зохиол нь нэр хүндтэй шагналуудыг хүртжээ. Тэрбээр уран бүтээлдээ Францын уран зохиолын хүмүүнлэгийн уламжлалыг тууштай баримталдаг зохиолч юм. "Watch over her романд фашизмын үеийн Итали оронд нийгмийн өөр өөр давхаргаас гаралтай хэдий ч урлагт хайртай хос залуусын хайрын түүхийг өгүүлдэг байна.


Уламжлал ёсоор Парисын дуурийн театрын ойролцоох Drouant ресторанд Гонкурын академийн гишүүдийн хүндэтгэлийн зоогийн үеэр шагналын эзнийг зарласан байна.


Шагналыг санаачлан бий болгосон ах дүү Эдмон де Гонкур, Жюль де Гонкур нарын гэрээслэлийн дагуу уг шагналыг франц хэлээр бичдэг зохиолчдод 1903 оноос хойш жил бүр олгож байгаа ажээ.


Гонкурын академи нь насан туршдаа сонгогдож, сайн дурын үндсэн дээр ажилладаг 10 гишүүнтэй. Тэд жил бүр 300 орчим роман уншиж, шагналд нэр дэвшигчдийг сонгодог бөгөөд үүнийхээ төлөө ямар нэгэн цалин урамшуулал авдаггүй гэнэ.

関連ニュース