ДАРХАН-УУЛ: Үсчин, гоо сайханчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 22 төрлөөр зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-16 12:15:39

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Азийн дизайнер, Монгол Улсын хошой мастер үсчин Б.Уртнасангийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, сормуус, шивээс, хумс, урлалын тэмцээн лхагва гарагт боллоо. Уг тэмцээнийг аймгийн үсчин, гоо засалчдын “Амина” холбооноос санаачлан зохион байгуулсан аж.




Хорин тав дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнд 15 салоны 80 гаруй оролцогч, артистууд мэргэжлийн ур чадвараараа өрсөлджээ.




Үсчин, гоо засалчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологид суралцуулах зорилготой уг тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын болон гоёлын үс засалт, хумс, сормуус урлал, гоёлын шивээс, нүүр будалт, арьс арчилгаа зэрэг 22 төрлөөр зохион байгуулжээ.




Энэ жилийн тэмцээнд мэргэжлийн оролцогчдоос гадна тухайн чиглэлээр суралцаж буй мэргэжлийн сургуулийн оюутнууд, шинэ залуу мэргэжилтнүүд оролцож улс, бүс, аймгийн медальтай оролцогч гэсэн ангиллаар явуулсан байна. 




Тэмцээний шүүгчээр дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Монгол Улсын Мастер үсчин, шүүгч, дасгалжуулагч Н.Алтаншагай, дэлхийн аваргын мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, шүүгч О.Балжинням, Маке up артист, Дэлхийн аваргын алтан медальт, шүүгч дасгалжуулагч Б.Энхчимэг, "MBEAU expert academy’-ийн дасгалжуулагч,шүүгч "Хайрлам" студийн захирал, “Euro Asian beauty championship-2023олон улсын тэмцээний шүүгч У.Дарханцэцэг шүүн явуулжээ.




Мөн дээрх шүүгчид тэмцээнээс өмнө хоёр өдөр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан аж.




Тэмцээний шивээс урлалын төрөл Гран при цомын эзнээр "Мерси" салоны гоо сайханч Г.Сэлэнгэ хүртэж цөм, өргөмжлөл,

3 500 000 төгрөгийн эзэн боллоо.




Харин эмэгтэй үсний төрөлд “Туяа” салоны үсчин А.Амарсайхан Гран при цомын эзэн, эрэгтэй үсний төрөлд М.Болорцэцэг, хумсны төрөлд "Мерси" салоны хумс засалч С.Намуундарь нар тэргүүлж Гран при цомын эзэн болж, тус тус 

3 500 000 төргрөгөөр шагнууллаа.




Оролцогч салонуудын ур чадвар, амжилт үзүүлсэн, медалийн чанараараа "Мерси" салон энэ удаагийн үсчин гоо засалчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгээр тодорлоо.




Энэхүү тэмцээнд тэргүүлсэн үсчин, гоо засалчид энэ сард зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.



 


関連ニュース