ДАРХАН-УУЛ: Хамтын ажиллагааны хүрээнд нэг иргэнийг үнэ төлбөргүй хагалгаанд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны
арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ оны
долоодугаар сард УИХ-ын
гишүүн Г.Дамдинням БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлэг, "Зүрх
мартахгүй" төслийнхөнтэй хамтран Дархан-Уул аймгийн 3000 орчим иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Уг үзлэгт
хамрагдсан хүмүүсээс нэг
иргэний зардлыг нь
бүрэн дааж БНСУ-д мэс засалд оруулах шийдвэр гаргасан аж. Тэр иргэнээр Дархан сумын оршин суугч М.Энхтөр сонгогдсон мэдээг
аравдугаар сард өгчээ.
Тэгвэл тухайн иргэн Ихуа их сургуулийн эмнэлэгт энэ сарын наймны өдөр хагалгаандаа амжилттай орсон байна. М.Энхтөр нь нурууны өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд одоо хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна.
Цаашид дээрх үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэдээс нэг хүний өвчний түүхийг судалж үнэ төлбөргүй эмчлүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, Ихуа эмнэлэгтэй хамтарсан судалгааны ажил хийхээр болжээ.
Эдгээр ажлууд нь Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын алба, БНСУ-ын Ихуа эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд байгуулсан гурван талт гэрээнд дурдсан аж.
Ташрамд, уг санамж бичигт
Дархан-Уул аймаг нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын
чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ
хийлгэхээр бүртгэлийн систем рүү илгээх ажлуудыг хамтран хийхээр
тусгажээ. Мөн Дархан-Уул аймаг нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд
өвчтөнд эмчилгээ хийлгэх хүсэлтийг илгээж, эмчлүүлэх тохиолдолд өвчтөний тоог
жилд 1-2 хүнээр тооцож бусад аймгаас өвчтөний хүсэлт илгээсэн тохиолдолд Дархан-Уул
аймгийн өвчтөнийг давуу байдлаар дэмжинэ гэж заажээ.