ХОВД: Ан амьтдын өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-18 11:58:46

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт аргаль хонь, бөхөн, янгир ямаа, цоохор ирвэс, зэгсний гахай, борцгор хотон зэрэг Улаан номд бичигдсэн нэн ховор, ховордсон амьтад тархсан байдаг.

Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг  Амьтны тухай хуульд биотехникийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.


Үүний дагуу 2023 оны 1-3 дугаар сард зэрлэг амьтдын амьдрах орчныг бий болгох, тогтворжуулах зорилгоор биотехникийн үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдвэрлэж, 825 боодол өвс, 1540 кг хужир шүү авахад 10 сая гаруй төгрөг зарцуулжээ.


Үүнээс гадна
Ховд сумын Улаан бураа багийн Ямаат улаан ууланд олон тооны зэрлэг амьтад байдаг бөгөөд цас ороогүй үед хавар, намрын улиралд усгүйдэх тохиолдол гардаг юм. Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж байгалиа түшиглэн зэрлэг амьтдад зориулсан хөв цөөрөм хийжээ.

Одоогийн байдлаар Алтайн салбар уулсаар бага зэргийн цастай. Алтайн өвөр говийн сумдаар цасан бүрхүүлтэй байна. Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан зэрлэг ан амьтдад аюул учраагүй байна. Ирэх оны эхний саруудад биотехникийн үйл ажиллагаа зохион байгуулж магадгүй гэж салбарын холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.   

関連ニュース