ХОВД: Арт галерейд “Шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэн дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн Ховд
аймаг дахь салбар холбоо өдгөө 20 орчим гишүүнтэй үйл ажиллагаа явуулж
байна.
Тус хамт олон энэ жил "Ховд” арт галерейг шинээр нээж, дүрслэх урлагийг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсээрээ улсын хэмжээнд манлайлан "Оны шилдэг салбар"-аар шалгарчээ.
Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн
Урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн хамтарсан "Шилдэг бүтээлийн
үзэсгэлэн" гаргаж, нээлтийн үйл
ажиллагаа зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнгийн хүрээнд долоон уран бүтээлчийн байгаль орчин, аж байдал, үндэсний өв соёлын илэрхийлэл болсон 40 гаруй бүтээлийг дэлгэлээ.
Энэ удаагийн шилдэг бүтээлийн
үзэсгэлэнг 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд иргэд
олон нийтийн хүртээл болгоно. Иймд орон нутгийн иргэд, хүүхэд, залуусыг хүрэлцэн ирж, тус үзэсгэлэнг сонирхохыг уриаллаа.
Цаашид "Ховд" арт
галерейг түшиглэн залуу хойч үе, олон нийтийг дүрслэх урлагийн боловсрол
мэдлэгтэй болгох, шинэ залуу уран бүтээлчдийг
дэмжих, нийгмийг соён гэгээрүүлэх үйл явцад
дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт ажил хэрэгжүүлэхээр
төлөвлөж байна.