СҮХБААТАР: Хөдөлдөг луутай мөнгөн аяга
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны
нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дарьгангын
алдарт дархан Д.Моломын
ур ухаан, өвөрмөц хийцийг харуулсан бүтээлийн нэг бол Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа энэхүү мөнгөн аяга юм. Аяганы ёроолд лууг хөдөлгөөнтэйгээр урласан төдийгүй лууны цаад талын дэвсгэрийг төгсгөлгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэннаст хээгээр дэвсгэрлэсэн байна.
Аяганы туурганд найман тахилыг товойлгон урлаж, доод хүрээгээр давхар хумсан хээгээр чимэглэсэн, суурийн хүрээгээр зээг ороосон эмжээртэй. Энэхүү мөнгөн аягыг мөн өнгөрсөн онд Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт дэвшүүлжээ.
Ард түмнийхээ дунд шар дархан хэмээн алдаршсан Дамбын Молом 1898 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Дамбын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Дамба дарханыг шашны эд зүйл хийхдээ дээд зэргийн нарийн уртай хийж чаддаг дархан байсан гэж үздэг. Молом дархан багаасаа багшийнхаа /аавынхаа/ ур ухааныг уламжлан авч утсан сүлжмэл, давхар хөөмөл, давхар цохилт буюу давхар ухалттай мөнгөн эдлэлүүд бүтээж тууривсан байдаг аж. Тэрээр өөрийн бүтээлдээ найман тахил, дөрвөн хүчтэн, тоонолжин хээ, зэрэгт лууг хөөцөлдүүлэн хөдөлгөн урлахдаа маш чадварлаг нэгэн байжээ.