АРХАНГАЙ: Улсын төсөвт татварын 3.8 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-01 15:17:22

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймаг өнгөрсөн онд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор аймгийн төсөвт 41.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 42.6 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 128.7 хувиар давуулан биелүүлжээ.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 19.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 21.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөөг 118.1 хувиар биелүүлсэн байна.


Аймгийн төсвийн орлогын 49.5 хувийг тусламжийн орлогоор, 27.4 хувийг орлогын албан татвараар, 2.4 хувийг аж ахуйн нэгжийн татвараар, 6.6 хувийг хөрөнгийн албан татвараар, 7.1 хувийг бусад албан татвараар, 6.7 хувийг татварын бус орлогоор, 0.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.


Аймаг улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 943.8 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 2.8 тэрбум төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 41.4 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 5.1 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.5 сая төгрөг нийт 3.8 тэрбум төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 120.8 хувиар биелүүлжээ.


Орон нутгийн төсвийн нийт зарлагыг эдийн засгийн салбараар харвал 82.4 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 11.9 хувийг боловсролын салбарт, 3.4 хувийг соёлын салбарт, 2.3 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.

関連ニュース