СҮХБААТАР: С.Чимэдцэеэ: Сэтгүүлч мэргэжлээрээ төвд ажиллах боломж байсан ч орон нутгаа зорьсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 111 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллага
болох "БиБиЭс" телевизийн залуу сэтгүүлч С.Чимэдцэеэг онцолж байна.
Тэрбээр 2020
оноос өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу тус телевизэд дагалдангаар ажилд орж, улмаар 2023 онд Хэвлэлийн хүрээлэн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцжээ.
С.Чимэдцэеэ яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон, яагаад орон нутагт ажиллахыг илүүд үзсэн талаараа ярихдаа, “Сурагч байхаасаа л хөтлөгч хийх дуртай, шүлэг яруу найраг унших сонирхолтой байсан. Тухайн үед ээж маань орон нутгийнхаа телевизийг байнга үздэг байсан болохоор зар сурталчилгаа явсан ч уншиж буй хүнийх нь хоолой их гоё сонсогддог, телевизээр гарч байгаа ах, эгч нар гоё харагддаг байлаа. Гэртээ тэднийг дуурайна, сурвалжлагч болж гэрийнхнээсээ ярилцлага авна. Ингэж дурласаар сэтгүүлч болох гараагаа эхэлж, аймгийнхаа телевизэд ажилд орсон доо.
Гэхдээ энэ ажил харагддаг шигээ тийм ч амархан биш гэдгийг одоо ч мэдэрсээр яваа. Мэдээж мэргэжлийнх биш болохоор гологдох, өөрөө өөртөө урам хугарах үе олон байсан. Гэхдээ хүн үнэхээр дуртай зүйлээ орхиж чаддаггүй юм билээ. Цагаахан шар байсан болохоор сэтгүүлч мэргэжлээр сурахаар шийдэж, ажлынхаа хажуугаар суралцсан. Нөгөө талаар багынхаа хүсэл мөрөөдөлд үнэнч байж чадсан болохоор сэтгүүлч гэх эрхэм алдрын эзэн болж чадсан гэж боддог.
Сургуулиа төгсөөд албан ёсоор сэтгүүлч болсон доо. Үнэхээр мартагдашгүй тийм гоё мэдрэмж байсан. Төв газар ажиллах боломж олон байсан ч би орон нутагтаа ажиллахыг илүүд үзсэн. Анх эндээс л ажлынхаа
гарааг эхэлж, микрофон барьж, камерын өмнө зогсох боломжийг олгосон
болохоор анхны хамт олноо орхиж чадаагүй. Яахав өөрийгөө илүү чадавхжуулах, туршлага судлахын тулд "Малчин" телевизэд таван сар
ажилласан. Э.Дагиймаа даргынхаа удирдлага дор маш их зүйлийг сурсан. Намайг богино хугацаанд ч гэсэн дэмжиж, зааж зөвлөж байсан "Малчин" телевизийн хамт олондоо үргэлж талархдаг. Одоо бол сурсан мэдсэнээ нутагтаа зориулж, телевзийнхээ
мөн орон нутгийнхаа хэвлэл
мэдээллийн салбарын нэр хүндийг өндөрт гаргахыг хүсдэг. Хайртай бүхэн минь энд байна. Мэргэжлээрээ дамжуулан сайн
сайхныг цогцлоож, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд, хүмүүсийн сайн сайхны төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээж байна.
Ер нь орон нутгийн
хэвлэлийнхэн төвийнхнийг бодвол илүү хөрвөх чадартай болдог. Сэтгүүлчээ хийхийн хажуугаар шаардлагатай бол зураглаачаа ч хийчихдэг. Монтажны программ
дээр ажиллачихна. Тэгэхээр салбарынхаа
дадлага, туршлагатай ах, эгч, найз нараасаа өдөр бүр суралцаж, илүү их хичээн ажиллах болно” хэмээсэн
юм.
Сэтгүүл зүйн салбарт тэр дундаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын
өмнө тулгамддаг бэрхшээл бол боловсон хүчний асуудал байдаг. Гэвч сүүлийн үед шинэ, залуу үеийнхэн түүний нэгэн адил орон нутагт ажиллахыг илүүд үзэх болсон тухай МСНЭ-ийн удирдлагууд тодотгож байв.
Сүхбаатар аймагт нэг телевиз, нэг сонин, нэг сайт гэсэн гурван
мэргэжлийн редакцид арав гаруй уран бүтээлч ажиллаж
байна.