“Оскар-2024” шагнал гардуулах ёслолын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 10 /BBC/. Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох "Оскар"-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт “Dolby” театрт гуравдугаар сарын 10-ны ням гарагт буюу өнөөдөр болж, шилдгүүдээ тодруулах гэж байна.
Ингээд энэ жилийн шагнал гардуулах ёслолын үеэр эвдэгдэж магадгүй амжилтууд, сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Эмма Стоун онцгой жүжигчдийн эгнээнд нэгдэж магадгүй
"Poor Things" киноны гол дүрийг бүтээсэн Эмма Стоун 35 нас хүртлээ хоёр удаа "Оскар"-ын наадмаас шагнал хүртсэн найм дахь жүжигчин болж магадгүй байна. Тэрээр өмнө нь 2017 онд "Ла Ла Лэнд" киноны дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ.
Дээрх амжилтыг Мерил Стрип, Жоди Фостер, Элизабет Тейлор, Бетт Дэвис, Луизы Райнер, Оливии де Хэвилленд, Хилари Суэнк нар үзүүлсэн юм. Харин эрэгтэй жүжигчдээс нэг нь ч ийм амжилт гаргаж байгаагүй аж.
Гэхдээ Э.Стоун “гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарах магадлал тийм ч их биш байгаа бөгөөд энэ шагналын төлөө түүнтэй ширүүн өрсөлдөх жүжигчин бол “Killers of the Flower Moon” киноны од Лили Гладстоун юм.
2. “Barbie” киноны дуу “Оскар” хүртэх өндөр магадлалтай
Тус киноны найруулагч, жүжигчид нэг ч шагналд нэр дэвшээгүй хэдий ч “Оскар”-ын түүхэнд хэдийнээ бичигдэн үлджээ. Тодруулбал, найруулагч Грета Гервиг анхны гурван бүтээлээрээ ("Lady Bird", "Little Women", “Barbie”) “шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн цорын ганц найруулагч болсон байна.
Гэвч түүний “Barbie” кино нь нэр дэвшсэн найман шагналынхаа зөвхөн нэгд нь ялж магадгүй бөгөөд Билли Айлишийн дуулсан "Was I Made For?” дуу нь “Оскар” хүртэх хамгийн өндөр магадлалтай байгаа юм.
2018 онд Брэдли Куперийн найруулсан "A Star Is Born" кино мөн найман төрөлд нэр дэвшиж байсан боловч Леди Гагагийн дуулсан “Shallow” дуу нь л шагнал хүртсэн билээ.
3. "Шилдэг кино" шагналд гадаад хэлээрх хамгийн олон кино нэр дэвшив
2020 онд “Шимэгч” кино Оскарын наадмын дээд шагнал болох “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон төдийгүй “Гадаад хэлээрх шилдэг кино”, “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн билээ.
Тус киноны найруулагч Бон Жун Хо "Алтан бөмбөрцөг" наадмаас “Гадаад хэлээрх шилдэг кино” шагналыг авах үеэрээ "хадмал орчуулгын нэг инчийн саадыг давснаараа та бүхэн маш олон гайхалтай киног үзэх болно" гэж хошигнон хэлж байжээ. Харин дөрвөн жилийн дараа Америкийн кино академийн гишүүд Жун Хогийн зөвлөгөөг сонссон бололтой. Энэ онд “шилдэг кино” төрөлд гадаад хэлээр хийгдсэн хоёр кино, мөн гадаад хэлээр хэсэгчлэн зургийг нь авсан Америкийн нэг кино нэр дэвшжээ.
Хэдийгээр энэ нь сонин содон биш мэт санагдаж болох ч шагналын 96 жилийн түүхэн дэх шинэ дээд амжилт бөгөөд “шилдэг кино” төрөлд англи хэлнээс өөр хэлээр бүтээсэн кино нэгээс олон нэр дэвшиж байгаагүй юм.
4. Киллиан Мерфи 10 гаруй жил үргэлжилсэн трэндийг эвдэж магадгүй
Энэ оны Оскарын наадмын хамгийн олон шагналд “Oppenheimer” кино нэр дэвшээд байгаа билээ. Хэрэв эл кино шилдгээр шалгарч, Ирландын жүжигчин Киллиан Мерфи “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртвэл 2012 оноос хойш нэг кино “Шилдэг кино” болон “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Оскар” хүртсэн анхны тохиолдол болно. Хамгийн сүүлд “The Artist” кино болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жан Дюжарден ийм амжилтыг үзүүлж байв.
К.Мерфи мөн “Гол дүрийн шилдэг эрэгтэй” төрөлд шалгарсан, Ирландын анхны жүжигчин болж магадгүй байна.
5. Энэ онд анх удаа эмэгтэйчүүдийн найруулсан гурван кино "Шилдэг кино" төрөлд нэр дэвшив
Энэ онд эмэгтэй найруулагчдын найруулсан гурван кино ("Barbie", "Anatomie d'une chute", "Past Lives") "Шилдэг кино" төрөлд нэр дэвшиж байгаа нь Оскарын түүхэн дэх анхны тохиолдол юм. Мөн уг шагналд нэр дэвшсэн 10 киноны дөрвийнх нь зохиолыг эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран бичжээ.
6. Брэдли Купер Оскарын шагналд нэр дэвшсэн боловч хүртэж чадаагүй хүмүүсийн жагсаалтын тавдугаарт бичигдиж байна
Тэрбээр бүтээсэн олон дүрээрээ, найруулсан киногоороо, бичсэн кино зохиолоороо Оскарт 12 удаа нэр дэвшиж байсан боловч нэг ч удаа хүртэж байгаагүй юм.
Түүнээс гадна, дууны найруулагч Грег Рассел (16 төрөлд), хөгжмийн зохиолч Томас Ньюман (15), дуу зохиогч Дайан Уоррен (15), тусгай эффектийн найруулагч Даниел Судик (13) нар мөн нэр дэвшсэн ч хүртэж байгаагүй аж.
Энэ удаа Б.Купер “Maestro” киногоороо “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг кино”, “Шилдэг эх зохиол” гэсэн төрлүүдэд нэр дэвшиж байгаа ч ялах магадлал бас л тун бага байна.



