Ховд их сургуулийн багш, оюутнууд «Дружба–Найрамдал 2016» наадамд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-05 10:08:04

Ховд их сургуулийн төлөөлөгчид ОХУ-ын Бийск хотноо Алтайн хүмүүнлэгийн багшийн их сургуульд зохиогдсон олон улсын «Дружба–Найрамдал 2016» наадамд оролцлоо. Энэ үеэр зохиогдсон “Хэл, соёл, соёл хоорондын харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний V бага хурал болон “Хэл шинжлэлийн ерөнхий болон хэв шинжийн асуудлууд” сэдэвт ОУЭШХ-д Ховд их сургуулийн багш нар  илтгэлээ хэлэлцүүлжээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХСС-ийн захирал Т.Одончимэг ахлагчтай 22 багш, оюутан оролцов.

Энэхүү наадмын хоёр орны оюутан залуусын урлаг соёлын арга хэмжээнүүдэд тус сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо. Мөн Алтайн хүмүүнлэгийн багшийн их сургуулиас Монголоос ирсэн төлөөлөгчдөд зориулан орос үндэсний хүүхэлдэй урлах мастер сургалт зохион байгуулжээ. ХИС-ийн төлөөлөгчид наадамд оролцохын зэрэгцээ Алтайн хязгаар болон Горно-Алтайн бүс нутгаар сургууль сурталчилгааны ажил болон ХИС-ийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн гарсан нь сургууль сурталчилгааны томоохон ажил болов. Энэхүү наадамд Монголоос оролцсон төлөөлөгч ГХСС-ийн багш Ч.Ваша 1976 онд Киргизийн нийслэл Фрунз хотод зохион байгуулагдсан Орос, Монголын залуучуудын “Дружба-Найрамдал” наадамд оролцож байсан тухайгаа дурсан ярьсан юм.

Үүнээс гадна хоёр сургуулийн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэгч судлаачид дугуй ширээний ярилцлага хийж судалгааны ажлын цаашдын төлөвлөгөө болон чиглэлийг тодорхойлон ирэх онд дэвшүүлэх төслүүдийн сэдвээ хэлэлцэн шийдвэрлэлээ.

А.Бямбасүрэн

関連ニュース