ДАРХАН-УУЛ: 960 хүүхдийн суудалтай сургуулийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-30 14:58:00

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах МОН-3594” төслийн хүрээнд барьж буй 960 суудалтай сургуулийн нээлт боллоо.


Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сургуулийн барилгын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.




Дархан сумын 15 дугаар багт барьж буй шинэ сургууль нь нийт дөрвөн блок, есөн анги, 16 кабинет, дөрвөн лаборатори, нэг өдөр өнжүүлэх танхим, урлаг болон спорт заал, гал тогоо, захиргаа удирдлагын өрөөнүүдтэй.




Сургууль ашиглалтад орсноор хамгийн их ачаалалтай Дархан сумын ерөнхий боловсролын есдүгээр сургууль, "Од" цогцолбор, "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн анги танхимын ачаалал багасах юм.




Нээлтийн үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Зүүн өмнөд Азийн үйл ажиллагаа, зохицуулалтын газрын дарга ноён Балабаскара Редди Бадула, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.





関連ニュース