Хан гүрний хаадын өлгий нутаг Ши Ань хот

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-03 10:46:15
-АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-


Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн өнцөг булан бүрээс чемоданаа чирэн, догдолсон сэтгэлээ тэврээд, дурсамж бүтээж, амарч зугаалахаар ирсэн жуулчин бүрийг сэтгэл хангалуун буцаах нь тухайн улс орны үндэсний амин чанар, ёс заншил, эдийн засгийн чадамж, тав тухтай орчин нөхцөл гэх мэт олон зүйлээс хамаарна.  


Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн хамтарсан томоохон үйл ажиллагаанд Монголоос 25 сэтгүүлч, зураглаач нэгдэн нийлж, дөрөө харшуулан урд зүгийг зорьсон билээ. Бүгд л шинэ содон зүйл үзэж харах, Хятадын мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, музей үзмэр, бүтээн байгуулалтай танилцаж шинэлэг санаа өвөртлөх гэсэн өөдрөг бодолтой байсан нь мэдээж. Тиймээс уншигч тантай ч найм хоногийнхоо аяллын сонин сайхнаас хуваалцахыг бас эрхэмлэснээ нуух юун.


Өмнөд хөршийн маань ард түмний ажилсаг, эртэч, цаг барих нь үнэхээр суралцмаар аж. Эдийн засгийн чадамж, ард иргэдийнхээ амьдралд загас биш, загас барих аргыг нь зааж өгсөн нь Хятадын “ядуурлыг бууруулах” их төлөвлөгөөний үр дүн гэлтэй. Чухамдаа тэд төлөвлөгөөтэй, зорилттой хөгжиж байгаа тул зургаан жилийн өмнө очсон үеэс минь ихээхэн өөрчлөгджээ. Технологийн дэвшлийг бүрэн утгаар нь ашиглаж ихэнх үйлдвэр нь 50-65 хувь нь автоматжуулах системд шилжиж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж чадсан нь бахархалтай.


Аялал жуулчлалыг ёстой давшингуй хөгжүүлж байна. Зөвхөн Ши Ань хот л гэхэд өнгөрсөн жил 280 орчим сая жуулчин хүлээн авчээ. Жилээс жилд уг үзүүлэлт өсөж буй гэнэ. Бидний аялал Хятадын аялал жуулчлалын таван гол бүс нутгийн нэг Шааньси мужийн Ши Ань хотоос эхэлсэн юм. Энэ нь түүхийн музей, хотын хэрэм, Чинь Ши Хуан хааны онгоны музей гэх мэт түүхэн дурсгалт газрын өлгий нутаг аж. Гадаадын төдийгүй, дотоодын жуулчид ч тасардаггүй юм байна. Зөвхөн түүхэн сэдэвт аялал жуулчлалыг хөгжүүлснээрээ хотынхоо эдийн засгийн гол цөмийг бүрдүүлдэг гэнэ. Энэ бүхнийг нүдээр харж, чихээр сонсож явахдаа Чингис хааны өлгий нутгийг ийнхүү тохижуулж, тийнхүү хөгжүүлбэл жуулчдыг татах асар өргөн боломж эх оронд минь байгааг бодож, ёстой л үүнийг харж түүнийг баясан явсан бөлгөө.


Ши Ань хот нь 1000 гаруй жилийн түүхтэй. Эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байжээ. “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-оор нь тус хотыг жуулчид сайн мэддэг билээ.


Чинь Ши Хуан хааны онгоны музей

Хааны цэрэг морины хөшөөний музейгээр суурь болгож, Чинь Ши Хуан хааны онгоны музейд түшиглэн барьсан  томоохон хэмжээний музей аж. Төрийн зөвлөлөөс үндэсний нэгдүгээр ээлжийн соёлын эд зүйлсийг хамгаалах нэгжээр тогтоож, ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-ын эхний ээлжийн жагсаалтад бүртгэгдсэн гэнэ билээ.


1974 онд илрүүлсэн Чинь гүрний цэрэг морьдын хөшөөний олдвор нь “Дэлхийн найм дахь гайхамшиг”, “ХХ зууны археологийн түүхэн дэх агуу нээлтүүдийн нэг”, “Хятадын соёл иргэншлийн сүнслэг бэлгэ тэмдэг” хэмээн нэрийдсэн гэж бодохоор ямархуу цар хүрээтэй музей болох нь харагдах биз ээ. Нээн илрүүлсэн 40 гаруй жилийн турш 270 гаруй төр, засгийн тэргүүн, 100 сая гаруй зочдыг хүлээн авч, дэлхийн 40 гаруй улс орон, 170 гаруй хотод үзэсгэлэн гаргасан нь Хятадын эртний соёл иргэншлийн алтан нэрийн хуудас, соёлын солилцооны найрсаг элч болжээ. Зөвхөн энэхүү олдворыг үзэхийн тулд өдөрт 120 мянган дотоод, гадаадын жуулчин ирдэг гэдэг нь бахархалтай биш гэж үү. Аливаа сайн сайхан зүйлийг үзэх нэг хэрэг. Үзээд тэндээс сэтгэлийн цэнгэл, бишрэл бахархлыг хүртээд шинэ содон санаа сэдэл өвөртөлж ирнэ гэдэг бас л өөр хэрэг. Түүх дурсгалаа хадгалж, хайрлан гамнаж, нөхөн сэргээж, тохь тухтай, үзүүштэй болгож чадсан нь хүндлэл төрүүлэхгүй байхын аргагүй ажээ.












Хятадын Эрдэнэсийн өргөө буюу Шааньси түүхийн музей

“Эртний нийслэлийн гэрэлт сувд, Хятадын Эрдэнэсийн өргөө” хэмээн нэрлэгдсэн Шаанси түүхийн музейг 1991 оны зургадугаар сарын 20-нд нээжээ. Энэ бол Хятадын анхны том хэмжээний орчин үеийн музей юм. Мөн Үндэсний анхны нэгдүгээр зэрэглэлийн музей, төв болон орон нутгийн хамтарсан үндэсний зэрэглэлийн мөн л алдартай музейн нэг ажээ.


Уг музей нь 1.71 сая гаруй ширхэг соёлын эд зүйлийн цуглуулгатай. Бүх улсын музейн шилдэг арван үзэсгэлэнд удаа дараа шагнал хүртсэнээрээ бас их бахархдаг юм билээ. Ямар ч улс орон үндэснийхээ амин чанарыг олон улсад сурталчлан таниулъя л гэвэл түүхээ сэргээн товойлгож, хайрлан хамгаалж, эх дэлхийд тунхаглаад зогсохгүй ирээдүй хойчдоо үлдээж өгнө гэдэг хэчнээн чухлыг харж болохоор. Үнэн түүх, өв соёл, ёс заншил гэдэг цаг өнгөрөх тусам үнэ цэнтэй эрхэм нандин болдгийг эдгээр музейн үзмэр бэлхнээ харуулна. Түүхийг нь сонсоод тухайн улс орныг илүүтэй таньж, өнөөдөрт ирсэн замнал нь амар байгаагүй ч ард иргэдийнх нь нэгдэл санаа бодол, хөдөлмөрч хичээнгүй, чин шударга зан их түүхийг элээж мартагнуулахгүй залгамжлан авч явдаг юм байна.


Дараа нь бид Их Тан гүрний “Нойргүй хот-ыг зорилоо. Үндэснийхээ онцлогийг харуулсан явган хүний гудамж Ши Ань хотын  төвдөө байрлана. Нийт 2100 метр урт, 500 метр урттай. Эртний Тан гүрний үеийн соёл, уламжлал энэхүү гудамжид нэвт шингэсэн байдаг тул жуулчдын хөл тасарна гэж үгүй. Чан-Ань Арван хоёр цагийн сэдэвт гудамж нь Хятадын анхны Тан гүрний үеийн онцлогтой амьдралын гудамж юм. Энэ нь Ши-Ань хотын Чюй Жян шинэ дүүргийн Манти Плазад байрлана.












Шөнөгүй хот

Хятадын анхны Тан гүрний үеийн амьдралыг тусган харуулсан  Чан Ань хотын арван хоёр цагийн гудамж нь жуулчдын нүд, сэтгэлийг баясгана. Шинэ, жишиг гэсэн үзүүлэлт хангахаар нарийн зохион байгуулалттай, аялал жуулчлалын бизнесийн төв болгохоор тав тух болоод үзэмжид тулгуурлан бүтээжээ. Чингэхдээ Тан гүрний соёлын сэдэвтэй бүхий л үзмэр үйлчилгээг нарийн донж маяг шингээж төвлөрүүлсэн байна билээ. Тус гудамж нь өдөрт 100 мянга гаруй хүн ирдэг нь мөн л том тоо. Тан гүрний хувцсыг залуус өмсөж, хөгжмийн хэмнэлд нааш цааш алхах ба өнгө өнгийн гэрэлтүүлэг, загварлаг дизайнтай эд зүйлс өөрийн эрхгүй сэтгэл баясгахаар... Тус гэрэлтүүлэг нь шөнийн 2:00 хүртэл ажиллаж, орчноо гэрэлтүүлдэг учраас тийнхүү “Шөнөгүй хот” хэмээн нэрийджээ. Товчхондоо бол 2:00 цаг хүртэл хүний хөлд дарагдаж, хоолны соёл, хувцас хэрэгсэл, элдэв дурсгалт бараа материалаа сурталчлан таниулаад зогсохгүй бас арилжаалж амжина. Тан гүрний соёлын онцлогт музей болон гудамжаар өдөрт 200 мянга гаруй хүн сонирхон ирдэг хэмээлээ. Уламжлалт загварын хувцас өмсөн, үсний засалт хийлгэж, гоёл зүүсгэл иж бүрэн зүүхэд нэг хүний 390 юань төлөх учиртай бол тус музейгээр зочлох тасалбар нь 120 юанийн үнэтэй байдаг юм билээ.









Хотын хэрэм

Туулж ирсэн түүх, алдаа оноо, алив бүхнээ үр хүүхдүүддээ үнэн мөнөөр ойлгуулахын тулд стандартад нийцсэн төвлөрөл, танин мэдэхүйн томоохон орчин бүрдүүлж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь нэг сумаар хоёр туулай буудсантай дүйцэх ашигтай нөхцөл байдал болдог юм байна.


Хотын хэрэм нь манай эриний 582 онд баригдсан бөгөөд 1400 жилийн түүхтэй. Тан гүрний хааны хотын үндсэн дээр өргөтгөгдсөн барилга юм. Энэ нь Хятадын хамгийн сайн хадгалагдан үлдсэн эртний хотын ханын барилга аж. Ши-Ань хотын хэрмийн урт нь 13.74 км бөгөөд 18 хаалгатай. Хотыг хамгаалахад, саатуулах гүүрийн үүргийг гйүцэтгэдэг уг байгууламж нь эртний архитектурын ур ухаан шингэсэн барилга байгууламж. Энэхүү хэрэм нь улсын соёлын эд зүйлсийг хамгаалах гол нэгжүүдийн анхны багцад бүртгэгдсэн томоохон үнэт зүйлийн нэг.


Ёслолын хаалга, Соёлын хаалга хэмээн алдаршсан Юннин хаалга нь урьд хожид дэлхийн 40 гаруй улс орны төрийн тэргүүн болон нэр хүндтэй зочдыг хүлээн авсан. Мөн 2018 онд Ши-Ань хотын хэрэм, хот хамгаалах гол нь үндэсний 5А үзэсгэлэнт газар, үндэсний Усан ашиглалтын үзэсгэлэнт газар-аар үнэлэгдсэн байна.






100 жилийн түүхт Исү соёлын гудамж

БНХАУ-ын Ши-Ань хотын төв хэсэгт байрладаг Чин гүрний дуулалт жүжгийн сэдэвтэй Хятадын цорын ганц соёл, худалдаа, аялал жуулчлалын гудамж. Энэ нь 2021 оны есдүгээр сард олон нийтэд нээгджээ.


Хятадын Үндэсний чухал түүх соёлыг хамгаалах нэгж-Исү нийгэмлэгийн театраар тулгуур болгож, 74 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Хятадын Чин гүрний дуулалт урлагийн музей, Эртний жүжгийн тайз, Чин гүрний дуулалт урлагийн нутгийн аялгууны талбай, уламжлалт хоолны кластер, Ваньхао Moxy Чин гүрний дуулалт урлагийн сэдэвт зочид буудал, Дүнбангэ ахуй байдлыг мэдрэх соёлын бүс энд ажилладаг.




















Төгсгөлийн оронд...

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг  хөгжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж, анхаарч буй. Гаднын төдийгүй дотоодын жуулчдын анхаарлыг татаж, жилд нэг сая жуулчин авдаг болохын тулд ямар кампанит ажил хийвэл зохилтой вэ. Төлөвлөгөө, зорилт, зорилго нь хэр бодитой, дэлхийн стандарт шаардлагад нийцсэн байх вэ, хаанаас, ямар улс орноос судалгаа, шинжилгээ хийсэн бэ гэдэг нь нэн тэргүүний асуудал. Учир нь жуулчид ямар нэгэн сонин содон үүх түүхийг сонирхож, сэтгэл зүйн болон бие махбодын таашаал хүртэж, мөн өөрийн улс оронтойгоо харьцуулалт хийж, давтагдашгүй онцгой мэдрэмж авахын тулд тухайн улс орныг зорьдог нь тодорхой.

Юу байна. Баялаг түүх байна гэж ярьдаг шигээ дэлхийн талыг эзэлж явсан Их Эзэн Чингис хааныхаа яруу алдарт замналын олдвороор дагнасан түүхэн музейгээр, мөн түүх дээр суурилсан бүтээн байгуулалтаар татаж, нэг сая биш нэжгээд олон сая хүнд Монгол Улсаа сурталчлан таниулж, улмаар эдийн засгийг дэмжих нэг багана болгон ашиглахад асар өргөн боломж бидэнд байна. 

関連ニュース