Мелинда Гейтс эмэгтэйчүүдийн асуудлуудыг шийдвэрлэхэд 1 тэрбумыг хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-29 12:25:54

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны тавдугаар сарын 29 /AFP/. Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Френч Гейтс эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ажилладаг хүмүүс, байгууллагуудад нэг тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. 


Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагчид улс орон даяар үр хөндөлтийг хориглохыг шахаж байгаатай холбогдуулан зүүний үзэлт улс төрийн хүчнүүд эмэгтэйчүүдийн эрх, тэр дундаа нөхөн үржихүйтэй холбоотой асуудлаар ухарч байна гэж үзэж байгаа энэ үед тэрбээр дээрх мэдэгдлийг хийлээ.


М.Гейтс Нью-Йорк Таймс сонинд зориулан бичсэн нийтлэлдээ “хүйсийн тэгш байдлын тухай ярих цаг болоогүй байна гэж хэлэх хүмүүс үргэлж байсаар байх болно гэдгийг эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалахын төлөө 20 орчим жил ажиллах хугацаандаа мэдэж авсан. Энэ бол урам хугарам, алс ирээдүйг хараагүй охор бодол юм. Эдийн засаг, сайн сайхан байдал, засаглалын талаарх олон арван жилийн судалгаанууд эмэгтэйчүүд, охидын төлөө хөрөнгө оруулах нь хүн бүрд ашигтай гэдгийг тодорхой харуулж байна” гэжээ.


М.Гейтс хуучин нөхөртэйгөө байгуулсан ашгийн бус сангаас гарч байгаагаа мэдэгдсэнээс хойш хэдхэн долоо хоногийн дараа уг мэдэгдлийг хийсэн байна. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй байгуулсан гэрээний дагуу тэрбээр одоо эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан буяны ажилд зориулан 12.5 тэрбум ам.доллар авах ёстой. Мягмар гарагт тэрбээр энэ зорилгынхоо хүрээнд эхний ээлжийн мөнгийг хэрхэн зарцуулахыг зарлажээ.


“Би өөрийн “Pivotal байгууллагаар дамжуулан АНУ-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний эрх мэдэл, нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг бүлгүүдэд шинэ буцалтгүй тусламжийг үзүүлж эхэлсэн. Үүнд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний төв, Нөхөн үржихүйн эрхийн төв зэрэг багтаж байна” гэж М.Гейтс мэдэгдсэн байна. 


АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийг хуулиар зөвшөөрснийг 2022 онд хүчингүй болгосноос хойш эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангахад зарцуулж буй зарим зардлаа хилийн чанадад төдийгүй АНУ-д төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа М.Гейтс илэрхийлжээ.  


Тэрбээр мөн 20 сая ам.долларын буцалтгүй тусламж хүлээн авах 10 гаруй хүнийг сонгосон бөгөөд тэд тусламжийг өөрсдийн тохиромжтой гэж үзсэн зүйлдээ зарцуулах боломжтой байна. Хүлээн авагчдын дунд Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн, АНУ-ын тамирчин, эхийн эрүүл мэндийг хамгаалагч идэвхтэн Эллисон Феликс нар багтжээ.

関連ニュース