С.Лавров: “С-300” болон “С-400” системүүд хэнд ч аюул учруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-07 12:09:31

МОСКВА. /TASS/. Сирид байрлуулсан Оросын “С-300” болон “С-400” нисэх онгоц эсэргүүцэх пуужингийн системүүд нь хамгаалалтын зэвсэг учир хэнд ч аюул учруулахгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

“Би дахин хэлье: “С-300”, “С-400” нь хоёулаа хамгаалалтын зэвсэг учраас хэнд ч аюул учруулахгүй” гэж тэрбээр мэдэгдлээ.

Түүний ярьснаар, ОХУ Сирид байрлаж буй цэргийн албан хаагчдаа хамгаалах зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах “С-300” системийг тус улсад байрлуулсан байна.

Эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед Тартус боомт дахь тээврийн байгууламж, агаар цэргийн хүчний албан хаагчдаа хамгаалах шаардлагатай гэж тэрбээр мэдэгдэв.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Туркийн сөнөөгч онгоц Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа ОХУ “С-400” гэдэг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системээ Сири рүү илгээсэн билээ. Ерөнхийлөгч В.Путин энэ оны гуравдугаар сард мэдэгдэхдээ, Оросын агаарын цэргийн хүчнийг буцаан татсан хэдий ч “С-400” болон "Панцирь" системүүдийг үлдээнэ гэж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдэл хийж, “С-300” системийг Тартус боомт дахь тэнгисийн цэргийн бааз руу илгээсэн. Энэ нь ОХУ-ын агаарын цэргийн баазыг хамгаалах зорилготой гэв.

"АНУ-ын зарим эрх мэдэлтнүүд Сирид хүч хэрэглэх гэж байна гэХ мэдээллийг бид авсаар байгаа бөгөөд тэд амжилтад хүрэхгүй гэж би бодож байна. Энэ цуурхлын талаар тайлбар өгнө үү гэсэн хүсэлтэд Цагаан ордны зүгээс бөөрөнхийлсөн хариу өгсөн. Энэ нь Барак Обамагийн Засгийн газрын явуулж байгаа бодлоготой холбоотой гэж бид үзэж байна" гэж Сергей Лавров ярилаа.

Д.Нямтулга

 

 

 

関連ニュース