СҮХБААТАР: Ахлагчид өөрсдийн хүчээр “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-06 14:42:44

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дэргэд “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлээ.


Энэ төвийг улсын хэмжээнд анх удаа Сүхбаатар аймагт байгуулж байгаагаараа онцлог.



Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 40 хувийг ахлагчид эзэлдэг. Эргүүл, харуул хамгаалалтаас эхлээд цагдаагийн байгууллагын гол ажиллах хүч болсон ахлагчид өөрсдийн гэсэн байртай болж, эндээ сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэхээс эхлээд чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой болжээ. Спорт тоглоомуудаас гадна сургалтын хэсэгт мөн тэдэнд шаардлагатай бүх зүйл бий. Хөдөө сумдаас ирсэн ахлагч нарыг энэ төвд байрлуулж, амрах болон хоол цайгаа өөрсдөө хийгээд идэх боломжтой гал тогоог хүртэл хийжээ.



Ачааны хүндийг үүрэлцдэг ахлагч нарын бүрэлдэхүүн хамтдаа хөгжих, нэг нэгнээсээ суралцах, туршлага хуваалцах боломжтой болсонд хамт олныхоо өмнөөс баяртай байна. Хамгийн гол нь энэ төвийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээнээс эхлээд тохижилтын бүх ажлыг ажлынхаа зав зайгаар ахлагч нар маань өөрсдөө хийсэн. Тийм ч учраас бид бүхэнд илүү үнэ цэнтэй санагдаж байгаа гэж Цагдаагийн газрын Ахлагчийн зөвлөлийн дарга М.Сүх-Очир хэллээ. 



Ахлагчийн хөгжлийн төвийн нээлтэд аймгийн Засаг дарга М.Идэрбат хууль хүчний байгууллагуудын удирдлага, хамт олны төлөөлөл оролцож, төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тэд ахлагч нарын бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүсээд, ном болон бусад дурсгалын зүйлийг гардуулсан юм

関連ニュース