СҮХБААТАР: Үлгэрээр дамжуулан хүүхдийн гар утасны хэрэглээг багасгах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-07 13:22:26

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын хөтөлбөрийн хүрээнд аймгийн Соёл, урлагийн газраас Үлгэрч сүхбаатарынхан” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Дарьганга нутгийн Үлгэрч эмээ өвөө, аав ээж, ах эгч” уралдааныг зохион байгууллаа.


 

Дарьганга нутгийн ард түмний дунд яригдаж өнөөг хүртэл уламжлагдан үлдсэн үлгэрүүд болон урьд өмнө шинжилгээ судалгаанд хамрагдаагүй ард түмний оюунд хадгалагдан үлдсэн эртний сайхан үлгэрүүдийг сэргээн авч үлдэх, үлгэрээр дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, тэдэнд соёл, гоо зүйн боловсрол олгох гэрийн хүмүүжлийг сэргээх, соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг нээн илрүүлэхэд энэхүү уралдаан чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь үлгэрээр дамжуулан хүүхдийн гар утасны хэрэглээг багасгах боломжтой гэж зохион байгуулагчдын төлөөлөл Г.Энхцэцэг ярилаа. 


Уралдааныг аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, тус газрын дэргэдэх Ахмадын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд 11-55 насныхан гурван насны ангиллаар оролцсон. Ингэхдээ А.Лувсандэндэвийн “Дарьганга” номоос нэг үлгэрийг хэл найруулгын зөв хэмнэлд оруулан 5-8 минутад багтаан, тайзан дээр болон гэртээ хүүрнэн ярина. Ингэхдээ нутгийн өвөрмөц сонин содон хэл аялга, үгийг илүү оролцуулан, тухайн аялгаар ярих байдлаар өрсөлджээ. Нэгдүгээр шат сум сумандаа, хоёрдугаар шатны шалгаруулалт аймгийн төвд болж, нас насны шилдэг 20 үлгэрч өрсөлдсөн юм.



Онгон сумаас оролцогч А.Наранжаргал хэлэхдээ, энэ уралдааныг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Бид үлгэр сонсож л өссөн, үлгэрээр хүмүүжсэн. Харин хүүхдүүдээ яг тийм байлгаж чадахгүй байна. Үнэндээ гар утсанд ихэнх цагаа үрж байна шүү дээ том, жижиггүй. Тиймээс цаашид үлгэр ярьж өгдөг, хүүхдүүд нь сонсдог тэр соёлыг дахин сэргээсэй гэж хүсэж байна. Уралдааныг тогтмол зохион байгуулснаар үлгэрээ унших, судлах аав ээж, ах эгч нар ч нэмэгдэнэ гэлээ.



Харин оролцогч Д.Сумъяа одоо 60 настай. Ач, зээ олонтой. Тэдэндээ үлгэр уншиж, ярьж өгөх дуртай нэгэн. Тиймээс өөрийн мэддэг болон шинээр судалж сурсан үлгэрээрээ энэ уралдаанд оролцохоор иржээ. Үлгэрч өвөө, эмээ нарын төлөөлөл тэрбээр уралдааныг маш зөв зүйтэй үйл ажиллагаа гэж сайшаав.



Үлгэрийн сонголт, агуулга, ач холбогдол, оновчтой хэллэгээр баяжуулсан байдал, илэрхийлэлт, сонгосон үлгэртээ бүтээлчээр хандах хандлага, жүжиглэлт болон тайзан дээрх тоглолт, үзэгчдийн сэтгэл хөдлөл, уран чадварыг харгалзан шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулалтыг хийжээ.


関連ニュース