Дагестанд гурван өдрийн гашуудал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-06-24 09:37:16

МОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 24 /TASS/. Махачкала, Дербент хотуудад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэнтэй холбогдуулан Дагестанд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлалаа. 


Энэ тухай тус бүгд найрамдах улсын тэргүүн Сергей Меликовын засаг захиргааны Телеграм сувагт мэдээлсэн байна. Гашуудлын өдрүүдэд бүс нутаг даяар төрийн далбааг бөхийлгөх аж. Мөн соёлын байгууллагууд болон телевиз, радиогийн компаниуд бүх зугаа цэнгэлийн үйл ажиллагаа, нэвтрүүлгээ зогсооно.


"Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахыг Бүгд Найрамдах Дагестан Улсын Засгийн газар даалгасан" гэж эрх баригчид мэгдэгджээ. 


Ням гаргийн орой Дербент хотын еврейн болон үнэн алдартны шашны сүмүүдэд, Махачкала дахь Замын эргүүлийн албаны постод зэвсэгт халдлага гарчээ. Хэдэн цагийн дараа мөн Дербент хотоос холгүй орших Сергокала тосгонд буудалцаан болсон байна. Халдлагын улмаас 15 цагдаа, хэд хэдэн энгийн иргэн амиа алджээ.  


Халдлагад оролцсон таван этгээдийг терроризмын эсрэг ажиллагааны үеэр устгасан гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдэгджээ. Харин Дагестаны тэргүүн С.Меликов зургаан этгээдийг устгасан гэж мэдээлсэн байна. Тусгай албаныхан халдлагад оролцсон гурван этгээдийн хэн болохыг тогтоосон бөгөөд тэд Сергокалинский дүүргийн дарга Магомед Омаровын хоёр хүү болон ач хүү байсан гэж Дагестаны хууль сахиулах байгууллага дахь эх сурвалжууд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Омаровыг баривчилж, түүний гэрт нэгжлэг хийсэн байна.

関連ニュース