Орос, Америкийн сансрын нисгэгчид “Союз” хөлгөөр эргэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-09-24 12:12:16

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 24 /AP/. Олон улсын сансрын станцаас /ОУСС/ Оросын хоёр, Америкийн нэг сансрын нисгэгчийг тээсэн Союз” хөлөг даваа гарагт Казахстанд газарджээ. Ингэснээр Оросын хоёр сансрын нисгэгч сансарт өнгөрүүлсэн хугацаагаар дээд амжилт тогтоолоо.


Хөлөг ОУСС-аас салснаас хойш гурван цаг 30 минутын дараа Казахстаны тал нутагт газардсан байна. Газардалтын сүүлчийн шатанд "Союз" хөлөг улаан, цагаан өнгийн шүхрээр 7.2 м/сек-ийн хурдтай бууж, сүүлчийн секундэд зөөлөн газардахын тулд жижиг пуужингууд харважээ.


Сансрын нисгэгчдийг хөлгөөс гаргасны дараа таталцлын хүчинд дасан зохицоход нь туслахын тулд сандал дээр суулгаж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байна.


Сансрын станцад 374 хоног ажилласныхаа дараа эх Дэлхийдээ эргэн ирж буй Олег Кононенко, Николай Чуб нар сансарт хамгийн удаан хугацаагаар байсан өмнөх дээд амжилтыг эвджээ. Мөн ОУСС-д зургаан сар ажилласан Америкийн сансрын нисгэгч Трейси Дайсон “Союз” хөлгөөр ирсэн байна.


Одоо тус станцад найман сансрын нисгэгч үлдсэн бөгөөд тэдний дунд анх төлөвлөснөөс урт хугацаагаар байрлахаар болоод буй Америкийн сансрын нисгэгч Батч Уилмор, Суни Уильямс нар байгаа юм. Тэд энэ оны зургаадугаар сард Боинг компанийн шинэ Starliner хөлгөөр тэнд очжээ. Гэвч хөлөгт техникийн асуудал үүссэн тул АНУ-ын НАСА агентлаг тэднийг Starliner-аар буцаах нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Иймээс хоёр сансрын нисгэгч ирэх онд SpaceX-ийн хөлгөөр буцаж ирэхээр төлөвлөж байна.


 

関連ニュース