Нобелийн Энх тайвны шагналд 286 хүний нэрийг дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 4 /Reuters/. Энэ оны Нобелийн Энх тайвны шагналд 286 хүн нэр дэвшиж байгаагийн дотор Ромын Пап Францис багтсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Түүнчлэн хоёрдугаар сард Ямал-Ненецийн автономит тойргийн шоронд нас барсан Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг уг шагналд нэр дэвшүүлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн А.Навальныйтай хамт жагсаалтад багтсан байна. Нобелийн Энхтайвны шагналыг нэхэн олгодоггүй тул А.Навальныйд олгох боломжгүй. В.Зеленский дайнтай улс орныг удирдаж байгаа учраас мөн хүртэхгүй байх магадлалтай.
Энэ онд шагналыг хүртэх хамгийн магадлалтай нэр дэвшигчдийн тоонд Палестины дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын агентлаг (UNRWA), НҮБ-ын Олон улсын шүүх болон тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш багтжээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт хийсэн Палестины ХАМАС бүлэглэлийн халдлагад UNRWA -ын хэд хэдэн ажилтан оролцсон байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан тул тус байгууллагад олгох аваас маргаан дагуулна. АНУ болон Европын Холбоо ХАМАС-ыг террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан юм.
Норвегийн Нобелийн хороо энэ оны шагналыг хэнд ч олгохгүй байх магадлалтай. Шагналын түүхэнд ийм тохиолдол 19 удаа гарч байжээ. Хамгийн сүүлд 1972 онд уг шагналыг хэн нэгэнд олгоогүй байна.
Энэ оны Нобелийн шагналтнуудыг 10 дугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд тодруулна. Энхтайвны шагналын эзэн 10 дугаар сарын 11-нд тодорно.
Өнгөрсөн онд уг шагналыг хүний эрхийн төлөө тэмцэгч иран эмэгтэй Наргиз Мохаммади хүртсэн билээ.