"Шэнжөү-19" хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-10-29 12:07:21

ЖЮЧУАНЬ, 2024 оны аравдугаар сарын 29 /Xinhua/. Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас “Шэнжөү-19” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа. 


Тус хөлгийн багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сүн Линдүн, Ван Хаозэ нар багтсан бөгөөд  хөлгийн даргаар Цай Шюйжэ ажиллах ажээ. 


Сансрын хөлгийг лхагва гарагт Бээжингийн цагаар 04:27 цагт Хятадын баруун хойд нутагт орших Жючуань сансрын хөлгийн буудлаас хөөргөнө. 


Багийн гишүүдээс хамгийн туршлагатай сансрын нисгэгч нь Цай Шюйжэ юм. 2022 онд тэрбээр "Шэнжөү-14" хөлгийн багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Харин 1990 оноос хойш төрсөн Сүн Линдүн, Ван Хаозэ нар сансарт анх удаа нисэх юм.


Сүн Линдүн сансрын нисгэгч болохоосоо өмнө Агаарын цэргийн хүчний нисгэгч байсан бол Ван Хаозэ Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын дэргэдэх Сансрын технологийн академид ахлах инженерээр ажиллаж байжээ. 


Ван Хаозэ одоогоор Хятадын цорын ганц эмэгтэй борт инженер бөгөөд сансрын жолоодлогот нислэгт оролцсон тус улсын гурав дахь эмэгтэй сансрын нисгэгч болох юм. 


Хятадын “Тяньгүн” тойрог замын сансрын станцад зургаан сар ажиллаж буй "Шэнжөү-18" хөлгийн багийн гишүүд 11 дүгээр сарын 4-нд эх дэлхийдээ буцаж ирэх бөгөөд тэдэнтэй ээлж хүлээлцэх "Шэнжөү-19" багийнхан 2025 оны дөрөвдүгээр сарын эцэс эсвэл тавдугаар сарын эхэн хүртэл тойрог замд үүрэг гүйцэтгэх ажээ. 

関連ニュース